Ховд аймгийн ИТХ-ын төлөөлөгч П.Цогбадрахын ивээл дор Ховд аймгийн Дөргөн суманд өсвөр үе, насанд хүрэгчдийн тэшүүрийн аймгийн аварга шалгаруулах тэмцээн болжээ. 100 гаруй тэшүүрчин оролцсон тэмцээнд Дөргөн сумын Сээр багийн 60 настай малчин Я.Бямбажав түрүүлсэн байна. Мөн тэрбээр Дөргөн сумын тэшүүрийн тэмцээнд тусгай байрт шалгарсан амжилт үзүүлжээ. Бид ахмад тэшүүрчин Я.Бямбажавтай холбогдож, баярын сэтгэгдлийг нь хуваалцлаа.
-Тэшүүрийн тэмцээнд амжилттай оролцож, тэргүүн байрт шалгарсан танд баяр хүргэе. Та өмнө нь тэшүүрийн тэмцээнд оролцож байв уу?
-Баярлалаа. Би энэ жил аймгаас зохион байгуулсан тэшүүрийн тэмцээнд түрүүлж, сумынхаа тэшүүрийн тэмцээнд тусгай байрт шалгарлаа. Өмнө нь манай аймаг, сум, орон нутагт тэшүүрийн тэмцээн болдоггүй байлаа. Энэ жилээс тэшүүрийн тэмцээн зохион байгуулж, цаашид хөгжүүлэх талаар нутгийн удирдлагууд ярьж байна лээ. Би наймдугаар ангид байхдаа тэшүүрээр гулгах сонирхолтой байсан. Тэр цагаас хойш тэшүүрийн тэмцээнд орох нь битгий хэл гулгаж ч байсангүй. 44 жилийн дараа тэшүүрийн тэмцээнд орж, тэргүүн байрт шалгарсандаа баяртай байна.
-Та тэшүүрийн тэмцээнд оролцохоосоо өмнө бэлтгэл хийсэн үү?
-Би тэмцээн болох сургаар Дөргөн нууран дээр очиж хоёр, гурван удаа бэлтгэл хийсэн. Хүүхэд насны дурсамж сэргээд сайхан санагдсан. Сумаас зохион байгуулсан тэшүүрийн тэмцээнд 36-аас дээш насны 10 гаруй хүн оролцсон. Харин аймгаас зохион байгуулсан тэшүүрийн тэмцээнд ахмад насны ангилалд долоон хүн оролцсон байна лээ.
-Хүүхдүүд нь аавыгаа тэшүүрийн тэмцээнд ороод түрүүлсэн гэхээр бөөн баяр болж байна уу?
-Харин тийм ээ. Хүүхдүүд минь бүгд гар утсаар баяр хүргэсэн. Би хоёр хүү, нэг охинтой. Бүгд тусдаа гарч, өөрсдийнхөөрөө ажиллаж, амьдарч байгаа.
-Та сумын төвд амьдардаг уу, хөдөө мал малладаг уу?
-Манай нэг гэр сумын төвд байдаг юм. Би одоогоор Дөргөн суманд морь уяж байгаа. Манай хөгшин Баян-Өлгий аймаг руу ач нараа харахаар явсан.
-Та хурдан морь уях сонирхолтой юу. Хэдэн оноос морь уяж байна вэ?
-Миний аав морь уядаг хүн байсан юм. Тэгэхээр ухаан орсон цагаасаа аавдаа тусалж, морь унаж өссөн. Би 1985 онд цэргээс халагдаж ирээд бие дааж морь уядаг болсон. Тэр цагаас хойш 30 гаруй айраг, түрүү хүртсэн байна. 2011 онд аймгийн алдарт уяач болсон.
-Цаашид тэшүүрийн спортоор хичээллэх сонирхол бий юү?
-Тийм ээ, жил болгон тэмцээн зохион байгуулаад байвал оролцоно. Тэгэхээр өвөлдөө бэлтгэл хийдэг болно гэсэн үг. Хөдөлгөөн нэмэгдээд, цэвэр агаарт сайхан байдаг шүү дээ.
-Баярлалаа, танд амжилт хүсье.
https://ergelt.mn/news/123/single/29636