Өвөрхангай аймгийн Бүрд сумын Төрийн шагналт, Ардын уран зохиолч, Хөдөлмөрийн баатар, Д.Пүрэвдоржийн нэрэмжит ерөнхий боловсролын сургуулийн хамт олон үндэсний бичиг үсгээ нийтээр сурч эзэмших, түгээн дэлгэрүүлэх, сурталчлах, их бичгийн өв соёлыг хойч үедээ өвлүүлэх үйлийг дэмжин ажиллаж байна.
Тус сургуулийн багш, ажилтнууд “Монгол бичгийн үндэсний хөтөлбөр”-ийг амжилттай хэрэгжүүлэхийн зэрэгцээ өөрсдийн оюундаа хөрөнгө оруулалт хийж, хамт олноороо “Хүмүүн бичиг” сониныг захиалан уншиж байгаа юм. Мөн ахмад багш Ла.Гомбожавын үр хүүхдүүдтэй хамтран “Монгол бичгийн өргөө”-г 32.7 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар байгуулж,сургалтын стандартын шаардлагад нийцсэн тоног төхөөрөмж, техник хэрэгслээр ханганмонгол бичиг,соёлыг түгээн дэлгэрүүлэх, уламжлан өвлүүлэх, хайрлан хамгаалах, сурталчлах үйлсэд хувь нэмрээ оруулж байна.
Үүний үр дүнд тус сургуулийн суралцагчид аймгийн болон улсын монгол бичгийн олимпиадад олон амжилтыг гаргажээ. Амжилтаас товч дурдвал: Чой.Лувсанжавын нэрэмжит аймгийн монгол бичгийн олимпиадын хошой аварга Го.Анхтөр, аймгийн аварга Бо.Золбоот, улсын монгол хэл бичгийн 47 дахь олимпиадын хүрэл медальт Га.Пүрэвсүрэн нарын олон хүүхдийг нэрлэж болно. 2021 онд 12-р ангийн сурагч Цэ.Ганчимэг Өвөрхангай аймгаа төлөөлөн НҮБ-60 жилийн ойг угтсан уран бичлэгээр ном бүтээх эрхэм хүндтэй бүтээлд өөрийн бичвэрээр амжилттай оролцсон байна.
Тэрчлэн 2022 онд Өвөрхангай аймаг байгуулсны 91 жилийн ойн хүрээнд зохион байгуулсан “Миний Өвөрхангай-2022” аяны “Шинэ бүтээл, оновчтой санал” уралдаанд сургуулиараа манлайлан оролцож, аймгийн шилдэг таван сургуулийн нэгээр шалгарчээ. Тус сургууль нь анх 1940 онд “Зуны сургууль” нэртэйгээр байгуулсан бөгөөд энэ жил 360 гаруй сурагч, 43 багш, ажилчдын бүрэлдэхүүнтэйгээрболовсролын үйл ажиллагаа явуулж байна. 2013 онд “Аймгийн тэргүүний сургууль”-аар шалгарсан амжилтынхаа хүрээнд аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн 71 дүгээр тогтоолоор Ардын уран зохиолч, Төрийн шагналт, Хөдөлмөрийн баатар Дэндэвийн Пүрэвдоржийн нэрэмжит сургууль болжээ.