Монголын 23 дахь удаагийн “Олон өдрийн дугуйн уралдаан”-ы үйл ажиллагаа Ховд аймагт дөрөв дэхь өдрөө амжилттай үргэлжилж байна.
“Хот суурин газрын автомашины хэрэглээг багасгах, агаарын бохирдлыг бууруулах, иргэдийг эрүүл амьдралын хэвшилд сургах, унадаг дугуйн спортыг хөгжүүлэх зорилгоор “Дугуйтай Ховд” дэд хөтөлбөрийг батлан, хэрэгжүүлж байгаа. Энэхүү хөтөлбөрийн хүрээнд аймгийн ИТХ, ЗДТГ, Монголын дугуйн холбоо, Ховд аймгийн "Монгол Алтай" дугуйн холбооноос хамтран Монголын 23 дахь удаагийн “Олон өдрийн дугуйн уралдаан-2022”-ыг Ховд аймгийн нутаг дэвсгэрт амжилттай өрнүүлж байгаа нь энэ юм.
Тэмцээнд Монгол Улсаа төлөөлөн олон улсын дугуйн спортын уралдаанд тогтмол оролцдог туршлагатай тамирчид, ази тивийн аваргууд, олон улсын хэмжээний мастерууд, багш дасгалжуулагч, шүүгчид гээд 10 баг 50 гаруй хүний бүрэлдэхүүнтэйгээр оролцож, хурд хүч, авхаалж самбаагаа сорин өрсөлдөж байна. Дугуйн уралдааныг төвийн бүсэд зохион байгуулсаар ирсэн бол энэ жил анх удаа баруун бүсийн Ховд аймагт өрнүүлж, туршлага солилцож байгаагаараа онцлогтой.
Тэмцээний үйл ажиллагаа 9 өдрийн турш Ховд аймгийн 10 орчим сумын нутгаар тодорхой маршрутын дагуу явагдана. Тэмцээний үр дүнд унадаг дугуйн спорт хөгжих, дугуй сонирхогчдын хамтын ажиллагаа сайжрах, мэргэжлийн тамирчдыг бэлтгэх, хүүхэд, залуучуудын чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх, эрүүл чийрэг залуу үеийг төлөвшүүлэх, орон нутагт унадаг дугуйгаар зорчих, аялах орчин нөхцөлийг сайжруулах боломж бүрдэнэ гэж мэргэжилтнүүд үзэж буй.