Алтан үеийн дуучид дунд ам барьдаг дуучин нэгээхэн ч байгаагүй ээ. П.Адарсүрэн, уртын дуучин Хөдөлмөрийн баатар, Монгол Улсын Ардын жүжигчин Н.Норовбанзад, уртын дуучин Ардын жүжигчин Ш.Чимэдцэеэ, дуурийн дуучин Ардын жүжигчин А.Долгор зэрэг авьяас нь халгиж цалгин, төрөлхийн хүчтэй, уянгалаг хоолойгоороо цаг үеэ эзэгнэсэн дуучин цөөнгүй билээ. Одоо ч тэдний дуу Монголын ард түмний хайртай дуу хэвээр байсаар байна.
Харин шинэ эриний дуучид маань дэвшилтэт техникийн үеийг тултал ашиглаж, өнгө үзэмж сайтай, өндөр чанарын дуугаралттай дуу бүтээж байгаа нь сайшаалтай. Гэсэн хэдий ч эргээд тэр дуугаа аягүй дуулж чадахгүй, техникдээ гологддог нь харамсалтай. Тэдний ихэнх нь ам барьж, эсвэл бичлэгээ дагаж дуулдаг нь нууц биш. Хуучин цагт бол техникийн саатал гарахгүй л бол хэн ч анзаардаггүй байв. Гэтэл одоо үеийн сонсогчдын хөгжмийн боловсрол өдөр ирэх тусам дээшилж, хэн яаж дуулж байгааг төвөггүйхэн мэддэг болж.
Угтаа бол үзэгчид дуртай дуучнаа ойроос харж, амьд мэдрэмж авч, дуу хоолойг нь сонсохын тулд тоглолтын тасалбар худалдан авдаг. Тийм сэтгэлээр ирж буй сонсогчдынхоо өмнө бэлтгэсэн дуугаа тоглуулчихаад, амаа хөдөлгөн жүжиглэж зогсохдоо тэд юу боддог бол. Сонсогчид дуучдаа хүндэлж, дэмжээд төрсөн өдөр, хуримын ёслол, үсний найр, насны ой зэрэг амьдралынхаа нандин мөч бүрд урьдаг. Ер нь ам барьж буй тэдэнд хэдэн сая төгрөг төлж байснаас бичлэгийг тоглуулчихсан дээр ч юм шиг.
Дуу хоолой янзлагч төхөөрөмжөөр дуучин төрүүлээд байх юм бол Монголд хоёр хүн тутмын нэг нь дуучин болох боломжтой болж дээ. Солгой хоолойг ч уянгалаг болгон өөрчлөх увидастай техникээ урлагийн зарим эрхэм маань шүтэж яваасай билээ.
Өнгөрсөн зургадугаар сард л гэхэд нийтийн дууны тод өнгө төрх, төлөөллүүдийн нэг болсон дуучин Э.Төрмандах “Одонтой ээжүүд” тоглолтын үеэр тайзан дээрээ согтуу гарч ирж, эхнэр О.Гансувдыгаа түшин, арай гэж ам барьсаар дуугаа дуулж дуусгаад буусан.
Мөн “Зуны зугаа” тоглолтын үеэр дуучин Батух солгойроод байгаадаа ичив үү гэлтэй бүжигчдийнхээ араар орж дуулсаар уг тоглолтыг дуусгасан. Энэ үйл явдлын дараа түүний бичлэг цахим орчинд хурдтай тархаж, үнэнч сонсогчдынх нь урам ихээхэн хугарсан. Тэрбээр “Би өөрийгөө өмөөрөхгүй, гэхдээ тухайн өдөр техник буруу ажиллаж, хоолой минь аянаасаа хоцорч сонсогдсон” гэх тайлбар өгсөн байдаг. Тэр өдөр түүнээс өөр олон дуучид уг тайзан дээр гарсан ч солгойрсон хүн үгүй билээ. Түүний Мод, Од, Модод зэрэг олонд танигдсан дуунууд нь дуугаралт сайтай, сонсоход тааламжтай, шинэлэг, залуучуудын машинд эгшиглэдэг дуунуудын жагсаалтын эхний байруудад ордог. Гэтэл дуучин нь ядаж трэнд дуугаа ч дуулж чадахгүй техникээр "дуулуулчихсан" аятай байсан нь харамсалтай.
Энэ хэдхэн жишээг л харахад дуучид маань үзэгчдээ хуурсаар, хуурахыг оролдох болсон нь илт. Төрөлх авьяас, унаган хоолойгоороо бардаж, амьдаар дуулдаг чадварлаг дуучин даанч цөөхөн болж дээ.
https://ergelt.mn/news/173/single/23663