Төв аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар нь “100 сая мод” тарих хөтөлбөрийг хэрэгжүүлэн ажиллаж байна. Тус ажлыг Монгол улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөн болон Зуунмод сумын 80 жилийн ойн хүрээнд хийж хэрэгжүүлж байгаа юм. Зуунмод сумын Засаг даргын захирамжаар Төв аймгийн Зуунмод сумын 6 дугаар багийн нутаг дэвсгэрт мод тарьж ургуулах зорилгоор 1 га газрыг өөрийн эзэмшилд шилжүүлэн авсан ба тус газарт “Ногоон хөгжил” цэцэрлэгт хүрээлэнг байгуулж, ажлын явц энэ жилийн хувьд 80 хувьтай байна гэдгийг албаныхан онцоллоо.
Тус газар нь 2022 оны эхний хагас жилийн байдлаар уг цэцэрлэгт хүрээлэнд улиас, монос, бургас, чацаргана, шар хуайс зэрэг 8 төрлийн нийт 21,794 ширхэг үр болон үрсэлгээг тарьсан байна. Мөн цаашид үрээр тариалах модны тоог нэмэгдүүлж, модны үрсэлгээ, суулгац дутмаг говийн аймгуудад нийлүүлэх зорилготойгоор зуны 6*10 харьцаатай хүлэмжийг тус цэцэрлэгт хүрээлэнд байрлуулсан юм. Уг хүлэмжинд хайлаас модны 5000 ширхэг үр, Туул гол дагуу ургаж байгаа бургас модноос 4000 ширхэг харандаан суулгацыг алба хаагчдынхаа хүчээр бэлтгэн суулгажээ. Түүнчлэн цаашид жил бүр 280 ширхэг мод тарьж, ургуулах төлөвлөгөөтэй ажиллаж байгаа талаараа онцоллоо.