Увс аймгийн хил орчмын бүс буюу Бөхмөрөн, Сагил сумдын 14 цэг, 18 секторын 162 мянган га талбайд, Зооноз өвчин судлалын үндэсний төвийн олон улсын байгууллагатай хамтарсан баг ажиллаж, тарваган тахалын үүсгэгчийг илрүүлсэн байна. Үүнээс гадна дээрх сумдын нутагт тарваган тахлын байгалийн голомтын эпизоотын идэвх нэмэгдсэн, тархвар судлалын эрсдэл үүсэх магадлалтай байгааг тогтоожээ.
Хамтарсан шинжилгээний багт Зоонозын өвчин судлалын үндэсний төв, Увс аймгийн ЗӨСТ, ОХУ-ын Эрхүү хотын Сибирь, Алс дорнодын тарваган тахал эсэргүүцэн судлах эрдэм шинжилгээний хүрээлэнгийн мэргэжилтнүүдээс бүрдсэн мэргэжилтнүүд багтсан бөгөөд тэд зургаадугаар сарын 29-нөөс долдугаар сарын 14-ний өдрүүдэд дээрх тандалт судалгааг хийсэн байна.
Бөхмөрөн, Сагил сумдын тарваган тахалын голомт бүхий бүс нутагт амьдарч буй иргэдэд тус өвчний талаарх мэдлэг, дадал, хандлага суулгахын сацуу өвчинд өртөх эрсдэлийн талаар сургалт яриа хийж, нийт дөрвөн төрлийн санамж материал тарааж ажиллажээ.
Дашрамд өгүүлэхэд, манай улсын 17 аймгийн 137 сум тарваган тахлын эрсдэлт нутагт хамаардаг байна.
Эх сурвалж: Зоонозын өвчин судлалын үндэсний төв