Завхан/МОНЦАМЭ/.Тосонцэнгэл суманд тарваган тахлын сэжигтэй тохиолдол гарсантай холбогдуулан тус суманд хэсэгчилсэн хөл хорио тогтоогоод байгаа тухай аймгийн Зоонозын өвчин судлалын төвөөс мэдээллээ.
Тус сумын иргэн38 настай эрэгтэй Б нь наймдугаар сарын 27-нд Хөвсгөл аймгийн Цагаан-Уул сум буюу голомттой газраас тарвага авч, өвчиж, чанаж идсэн байна. Тухайн өдрөө халуурсан бөгөөд өрхийн эмнэлэгтээ хандан үзүүлжээ. Улмаар өчигдөр буюу 9-р сарын 3-ний өдөр дахин халуурч сумын нэгдсэн эмнэлэгт хандсанаар булчирхай томорсон, өндөр халуурсан өвчтөний дуудлагыг аймгийн Зоонозын өвчин судлалын төвд хүргүүлжээ. Тухайн өвчтөнд халуурах, зүүн гарын булчирхай цочиж, 1.5-2 см хэмжээтэй томорсон зэрэг эмнэлзүйн шинж тэмдэг илэрсэн. Үүнтэй холбоотойгоор Тосонцэнгэл суманд хэсэгчлэн хөл хорио тогтоож, ойрын хавьтлын 25 хүнийг тусгаарлан, урьдчилан сэргийлэх эмчилгээнд хамруулаад байна. Сэжигтэй тохиолдлоос сорьц цуглуулж, хурдавчилсан тестээр шинжлэхэд эерэг гарсан. Тиймээс сорьцыг ЗӨСҮТ рүү өнөө өглөө 05.00 цагт явуулсан. Одоогоор өвчтөний биеийн байдал дунд зэрэг байна. Тус сум руу орох, гарах хөдөлгөөнийг 9-рсарын 3-ны өдрийн 22.00 цагаас эхлэн тодорхойгүй хугацаагаар хаагаад байгаа. Мөн тус хэсгээр дамжин өнгөрөх автомашиныг зогсоолгүй, шууд явуулж байна гэж аймгийн Зоонозын өвчин судлалын төвөөс мэдээллээ.
Тарваганы мах их хэмжээгээр нөөцлөх нь буруу гэв
Тарваган тахлын нян нь -70 градуст тэсвэрлэх чадвартай.
Био аюулгүйнIIIзэрэглэлийн өндөр хоруу чанартай, халдварын аюул эрсдэл өндөр нянгийн бүлэгт хамаардаг. Тиймээс тарваганы махыг худалдан борлуулах. Худалдан авч идэх, их хэмжээгээр нөөцөлж, хөлдөөж хадгалан зарж борлуулж буй иргэд анхаарал болгоомжтой байх хэрэгтэй. Ер нь тарвага агнах, тарваганы мах идэхгүй байхыг дахин дахин анхааруулж байна.
Тосонцэнгэл суманд гарсан дээрх тохиолдлын хувьд тухайн иргэн нь Хөвсгөл аймгийн Цагаан уул сумын Агрын гол орчмоос тарвага худалдаж авсан байна. Тухайн бүс нутагт 2015, 2016, 2018 онд тарваган тахлын хүний өвчлөл гарч байсан голомттой нутаг юм. Тиймээс анхаарал болгоомж илүүдэхгүй. Харин Тосонцэнгэл сумын хувьд 1981 онд л тарваган тахлын хүний өвчлөл гарч байсан байна. Манай аймагт гэхэд 1879-1920 оны хооронд дөрвөн удаагийн тарваган тахлын дэгдэлтээр 46 хүн өвдөж нас барсан түүх бий.
Мөн 1936-1938 онд 38 хүн өвдөж 25 хүн нас барснаас хойш 1945, 1946, 1947, 1952, 1953, 1954, 1960 онд тарваган тахлын хүний өвчлөлийн тохиолдол жил бүр гарч, дэгдэж байсан мэдээлэл бий. Өнөөдрийн байдлаар манай аймгийн хувьд нийт нутаг дэвсгэрийн 74.2 хувь буюу 17 сум тарваган тахлын голомттой. Үүнээс Эрдэнэхайрхан, Яруу, Түдэвтэй, Нөмрөг, Сонгино, Отгон зэрэг суманд тарваган тахлын голомтын идэвхжил өндөр байна. Тарваган тахлын нэг тохиолдлыг Олон улсын эрүүл мэндийн дүрмээр дэгдэлт гэж үздэг. Тиймээс анхаарал болгоомж илүүдэхгүй гэдгийг иргэдэд дахин сануулж байна гэж аймгийн Зоонозын өвчин судлалын төвийн дарга Г.Дашдаваа дуулгалаа.