Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Ардын уран зохиолч Бавуугийн Лхагвасүрэнгийн хүү “Болор цом”-ын эзэн яруу найрагч Л.Хасартай ярилцлаа. Бид түүний төрсөн өдрөө хэрхэн тэмдэглэж өнгөрүүлсэн болон аавынхаа уран бүтээлийг хэрхэн “үргэлжлүүлж” байгаа тухай товчхон яриа өрнүүлсэн юм.
-Сайн байна уу. Сайхан хаваржиж байна уу. Өнгөрсөн ч гэсэн танд төрсөн өдрийн мэнд хүргэе.
-Баярлалаа. Сайхан, сайхан хаваржиж байна уу.
-Та төрсөн өдрөө хэрхэн тэмдэглэж өнгөрүүлдэг вэ. Ер нь хэрхэн тэмдэглэж өнгөрүүлдэг байсан бэ?
-Гэртээ ээжийнхээ дэргэд эрхлээд өнгөрүүлдэг дээ. Төрсөн өдрөөрөө нэг их баярлаж хөөрөөд байдаггүй.
-Яагаад тэр вэ?
-Нэг ёсондоо бол “Нас нэгээр нэмэгдэж, үхэл нэг жилээр ойртлоо” гэж хэлж байгаа юм шиг санагдаад байдаг. Тиймээс их сайхан баяр баясгалантай тэмдэглэж чаддаггүй л дээ. Харин хүн болж төрсөндөө, тэр тусмаа эцэг, эхийгээ олж, энэ гал голомт мэндэлсэндээ хамгийн их баярладаг даа.
-Сэтгэлд тань хоногшиж үлдсэн төрсөн өдрийн баяр тань хэзээ тохиож байсан бэ?
-Энэ олон төрсөн өдрийн алийг нь гэх вэ. Гэр бүл, найз, нөхөдтэйгөө ширээ тойрч суугаад хоол иддэг минь л юм даа.
Аавыгаа амьд байхад би эрхлэх бас айх юмтай байжээ. Нөмөр нөөлөгтэй сайхан байжээ. Аав минь тал нутгийн хүн л дээ. Тиймдээ ч энэ их тал нутагт хүүгээ үлдээгээд явсан даа. Аавын минь үлдээсэн их хайр намайг тэвэрч яваа гэдэгт итгэдэг. Аавын минь энгүй их хайраар хүмүүс үргэлжлүүлээд намайг хайрлаж байгаа юм шиг хааяа санагддаг.
-Таныг аавынхаа уран бүтээлүүдийг эмхтгэж байгаа гэж сонссон. Нэлээд нүсэр бүтээл байгаа болов уу?
-Аавынхаа Монголын уран зохиолд хүүхэд байхаасаа л зүтгэж эхэлсэн шүлэг, зохиолуудын гар бичвэрүүдийг нь эмхэтгэж байгаа. Эхний ээлжинд 10 боть ном бүтээнэ. Энэ ботиуд дээр бид юуг чухал гэж бодож байгаа вэ гэхээр “Аав минь зохиол бүтээлүүдээ яаж бичдэг байсан юм бэ, гар бичмэл, шүлгүүд нь ямар байсан юм бэ” гэдгийг залуу яруу найрагчид болон зохиолчдод хэрэг болох болов уу гэсэн үүднээс сэтгэл гарган эмхэтгэж байна. Гар бичвэрүүдийг нь эх шүлэгтэй зэрэгцсэн байдлаар гаргах зорилготой ажиллаж байгаа. Цаашдаа утга, уран зохиолын судалгаа шинжилгээний ажлуудад хэрэг болно байх. Яруу найрагч хүний лаборатори ямар байх ёстой вэ гэдгийг хүнд хүргэхээр зорьж байна.
-Монголын Улсын Хөдөлмөрийн баатар, Ардын уран зохиолч Б.Лхагвасүрэн гуай уран бүтээлээ хэрхэн туурвидаг байсан бэ. Бичгийн арга барилынх нь талаар та манай сайтын уншигчдад яриа дэлгээч?
-Миний анзаарснаар бол аав их бодож бичдэг байсан. Их удаан бодож, асар хурдан бичдэг. Шүлгээ бараг нэг жилийн өмнөөс бодож, тэмдэглэж цогцоор нь бичдэг байсан. Түүнээс биш, нэг шүлэгтэйгээ дэвтрийн хуудас дүүрэн зууралддаггүй. Ер нь хаана ч хамаагүй сууж байгаад шүлгээ биччихдэг байсан шүү. Найз нөхөд болон хүмүүстэй ярьж сууж байгаад босох хооронд нь тэмдэглэлийн дэвтрийг нь үзэхэд шүлэг биччихсэн байдаг. Тухайн үеийн орчин, үйл явдлаас тэс өөр мэдрэмж, илэрхийлэлтэй байдаг нь их сонин. Ярьж байгаа сэдвээсээ огт өөр шүлэг бичсэн байна гэдэг их бодож явдгийн л шинж шүү дээ.
-Цар тахлын өмнө та аавынхаа нэрэмжит “Антимир” яруу найргийн наадмыг зохион байгуулах гэж байсан шүү дээ. “Антимир” яруу найргийн наадмыг энэ жил зохион байгуулах уу?
-Цар тахлын үед хоёр ч удаа зохион байгуулахаар товлож урилга, цом хийлгэчихсэн байгаа. “Антимир” яруу найргийн наадмыг яаралтай зохион байгуулахгүй ингээд байгаад байж болохгүй. Надад 170 гаруй яруу найрагчийн шүлэг, бүтээлүүд байна. Энэ наадмын гол өгөөж юу вэ гэхээр шинэ дуу хоолой, Монголын уран зохиолд шинэ содон уран бүтээл туурвиж байгаа хүмүүс хэр байна вэ, уншигчид ямар шүлэг, найраг уншихыг хүсэж байна вэ гэдгийг олж нээхийг зорьж, энэхүү яруу найргийн наадмыг зохион байгуулах гэж байгаа.
Хөл хорионы дэглэм эхнээсээ тавигдаж, энх цаг болж байна. Тиймээс чөлөөтэй цаг сайхан болохоор “Антимир” яруу найргийн наадмаа өргөн дэлгэр, сайхан зохион байгуулна.
-Аав тань байсан үеийн аавтайгаа Хасар, одоогийн Хасарын хооронд хэр ялгаа байгаа вэ?
-Аавыгаа амьд байхад би эрхлэх бас айх юмтай байжээ. Нөмөр нөөлөгтэй сайхан байжээ. Аав минь тал нутгийн хүн л дээ. Тиймдээ ч энэ их тал нутагт хүүгээ үлдээгээд явсан даа. Аавын минь үлдээсэн их хайр намайг тэвэрч яваа гэдэгт итгэдэг. Аавын минь энгүй их хайраар хүмүүс үргэлжлүүлээд намайг хайрлаж байгаа юм шиг хааяа санагддаг. Аавын минь сүнс, сүлд хоёр намайг түшиж яваа юм шиг санагддаг болохоор бардам, сэтгэл өег байдаг.
Яруу найрагч хүний нэг зовлонтой зүйл нь өөрт мэдрэгдсэн тэр төгс мэдрэмжийг үгээр буулгахад хэцүү байдаг байх. Тэгэхээр түүнээс болж янз бүрийн асуудал гардаг байж болох юм. Монгол хэлний 35 үсэг цөөхөн юм шиг санагдах өдөр байдаг байлгүй дээ. Багтаж ядсан их мэдрэмжийг цөөн хэдхэн мөртөд багтааж байгаа шүү дээ.
-Аавыгаа байхад айх юмтай байж гэлээ. Та энэ талаар тодруулж хэлж болох уу?
-Айна гэдгийг хүмүүсийн олонх нь айдас гэж бодох байх л даа. Миний хувьд хүндэтгэх, зөв байх гэж хичээхийг ааваасаа айх айдас гэж хэлнэ. Одоо болтол миний айдаг зүйл бол “Энэ их хайрыг нь даахгүй байх вий дээ” гэдэг бодол, зовнил. Аав минь биднээс ганцхан зүйл хүсдэг байсан. Энэ нь юу вэ гэхээр хүн байхыг хүсдэг. Тиймээс зөв хүн байхыг хичээж явна даа. Гэвч ах нь алдаатай оноотой, гэрэлтэй, сүүдэртэй хорвоог туулж явна.
-Та ээждээ хэр их эрхэлдэг вэ?
-Ааваас минь хойш муу ээж минь бөртийгээд үлдсэн. Ээжийгээ их хайрлаж, санааг нь бага зовоохыг хичээж байна. Ах нь аав, ээж хоёртоо их эрхэлдэг. Олон ах, эгч нараасаа хамгийн эрх танхи нь би л байх.
-Тэгэхээр та илүү их хайрыг нь хүртсэн гэж ойлгож болох уу?
-Тэгж ойлгож болохгүй л дээ. Аав ээж үр хүүхдээ ялгаж хайрлана гэж юу байх вэ. Гэхдээ илүү сэтгэлд минь ойрхон байсан байж болох юм.
-Б.Лхагвасүрэн гуайн бүтээлүүдийг уншихаар эх орондоо тэр дундаа гэр бүлийнхэндээ их хайртай хүн байсан нь мэдэгддэг. Тиймээс та хайрын тухай, хүнийг хэрхэн хайрлахын тухай яриа дэлгэж болох уу?
-Би их азтай хүн шүү дээ. 40-50 ажил аав, ээжийнхээ дэргэд эрхлээд амьдарч байна. Одоо ч гэсэн ээжийнхээ дэргэд эрхлээд байж байгаа минь их хувь заяа. Энэ их хайрыг хариулна гэдэг хамгийн хүнд ачаа шиг санагддаг. Тиймээс аль болох зөв хүн байхыг хичээх юм даа. Тиймдээ ч сая хоёрдугаар сарын 5-нд өнгөрсөн өдрийг нь угтаж гурван боть түүвэр зохиолыг нь хэвлүүллээ. Одоо худалдаанд гарсан байгаа. Энэ ном өмнө нь 2007 онд гарч байсан.
-Б.Лхагвасүрэн гуай хурц хурц үгээр уянгын шүлгүүдийг гайхалтай илэрхийлдэг байсан шүү дээ. Зарим хүн садизм гэж ярих нь ч байх юм. Энэ талаар таны бодол?
-“Б.Лхагвасүрэнгийн садизм” гээд нэг нөхөр шүүмж бичсэн л дээ. Яруу найрагч хүний үг гэдэг бол араншин. Хүний араншин бол үгэн дээрээ л илэрч байдаг зүйл шүү дээ. Хамгийн түрүүнд хувцас, гоёл гэхээсээ л илүү хэн нь хэн бэ гэдгийг таниулдаг нь харилцаа байдаг. Эмх цэгцтэй, ухаантай ярьдаг хүн байхад эсрэгээрээ эмх цэгцгүй ярьдаг хүн байна. Хэрвээ би хүнийг үзэн ядахаар бол хэлсэн үгнээс нь л болно. Мөн хайрлахаар бас л ялгаагүй хэлсэн үгнээс нь л болж хайрлаж, хүндэлнэ. Тэгэхээр үг гэдэг тархины зараал нь шүү дээ.
-Зарим яруу найрагч “Үг хүнийг захирдаг” гэдэг. Гэтэл зарим нь эсрэгээрээ “Хүн үгийг захирдаг” гэх юм билээ. Энэ тал дээрх таны бодол?
-Сайн мэдэхгүй юм. Яруу найрагч хүний нэг зовлонтой зүйл нь өөрт мэдрэгдсэн тэр төгс мэдрэмжийг үгээр буулгахад хэцүү байдаг байх. Тэгэхээр түүнээс болж янз бүрийн асуудал гардаг байж болох юм. Монгол хэлний 35 үсэг цөөхөн юм шиг санагдах өдөр байдаг байлгүй дээ. Багтаж ядсан их мэдрэмжийг цөөн хэдхэн мөртөд багтааж байгаа шүү дээ. Тэгэхээр яруу найрагчдцг хайрлаж, хүндэлмээр хүмүүс шүү. Хэрвээ гудамжинд яруу найрагчдын нэг нь ядруу ч юм уу, ёолоод явж байвал түшээд гэрт нь хүргээд өгч байгаарай. Энэ хүмүүс чинь дотроо ертөнцийг багтааж явдаг юм шүү.
-Та онгодын тухай яриа дэлгэж болох уу?
-Онгод гэхээр үнэхээр хүнд цочиж сэрсэн сэрэл, мэдрэмж болдог зүйл байдаг байх. Аав минь “Бодол ханасан цагийг онгод орох гэж хэлэх байх даа” гэж хэлдэг байсан. Яруу найрагч хүн насаараа л ертөнцийг мэдрэх, олж нээх гэж шатаж явдаг шүү дээ. Түүнээсээ өчүүхэн жаахныг олж, харж, мэдрэхээр баярладаг. Түүнийг нь онгодог гэж нэрлэх болов уу даа.
-Цаг гарган ярилцсанд баярлалаа.
-Баярлалаа.
https://ergelt.mn/news_full/2/single/18350