
Эрдэмтэд “Сар яагаад Дэлхийг яг тэгш биш, бага зэрэг хазгай” тойрдгийг удаан хугацаанд судалж байгаа билээ. Одоогийн байдлаар Сарны тойрог зам ойролцоогоор 5 градус хазайсан байдаг. Гэтэл Сар хэрхэн үүссэн тухай эртний онолоор бол ийм их хазайлт гарах ёсгүй байжээ. Тиймээс “юу Сарны замыг өөрчилсөн бэ?” гэсэн асуулт гарч ирсэн бөгөөд уг асуултын боломжит хувилбарыг “Nature” сэтгүүлд нийтэлсэн байна.
1. Сар хэрхэн үүссэн бэ?
Хамгийн түгээмэл онолоор бол 4.5 тэрбум жилийн өмнө Дэлхий Ангараг гаригтай ойролцоо хэмжээтэй аварга биеттэй мөргөлдсөн гэж үздэг. Энэхүү аймшигт мөргөлдөөний дараа Дэлхийн орчимд асар их хэмжээний хэлтэрхий үүсэж, тэдгээр нь аажмаар нийлсээр Сарыг бүрдүүлсэн байна. Гэвч энэ онолд нэг том асуудал бий. Тооцооллоор бол ийм нөхцөлд Сарны тойрог зам ердөө 1 градус орчим хазайлттай байх ёстой. Харин бодит байдал дээр өнөөдөр 5 градусын хазайлттай байгаа нь эрдэмтдийн гайхшралыг төрүүлдэг.2. Сарны тойрог замыг “гажуудуулсан” биет
Энэ зөрүүг тайлбарлахын тулд эрдэмтэд компьютерийн нарийн загварчлал ашиглан олон хувилбарыг туршжээ. Судалгаагаар 4.5 тэрбум жилийн өмнө Дэлхийн татах хүчний бүсэд Сарны массаас 0.6–1.2 дахин их жинтэй өөр нэгэн тэнгэрийн биет байсан байж магадгүй гэж үзсэн байна. Тэрхүү биет ойролцоогоор 100 сая жилийн турш Дэлхийг тойрон эргэлдэж, өөрийн таталцлын хүчээр Сарны хөдөлгөөнийг аажмаар өөрчилжээ. Харин дараа нь уг биет Дэлхийтэй мөргөлдсөн байна. Эрдэмтдийн үзэж буйгаар энэ мөргөлдөөн Сарны тойрог замын хазайлтыг нэг үе 10 градус хүртэл нэмэгдүүлсэн бөгөөд цаг хугацааны явцад өнөөгийн 5 градус хүртэл буурсан аж.3. Дэлхийн үнэт металлын нууц
Энэхүү аварга мөргөлдөөн Дэлхийн гадаргад төмөр, алт, платин зэрэг хүнд элементүүд яагаад их байдаг вэ гэдгийг тайлбарлаж болох юм. Өмнө нь эрдэмтэд Дэлхий шинээр бүрэлдэж байх үед эдгээр хүнд металлууд жингийнхээ улмаас хайлмаг Дэлхийн төв рүү аажмаар “живж”, гүн хэсэгт хуримтлагдсан байх ёстой гэж үздэг байв. Өөрөөр хэлбэл, алт, төмөр зэрэг хүнд элементүүд Дэлхийн гадаргад биш, маш гүнд байх ёстой гэсэн үг юм. Харин газрын гадаргад ийм металлууд их хэмжээгээр байдаг шалтгааныг эрдэмтэд астероидуудтай холбон тайлбарлаж иржээ. Тэдний үзэж байснаар, сансраас ирсэн астероидууд эдгээр элементүүдийг Дэлхий дээр авчирсан байж магадгүй гэнэ. Гэвч энэ онолд нэг сул тал байсан. Хэрэв астероидууд үнэхээр алт, төмөр зэрэг элементүүдийг авчирсан бол яагаад ихэнх нь Дэлхий дээр унаж, Сар дээр харьцангуй бага унасан бэ гэдэг асуултад тодорхой хариулж чаддаггүй байжээ.Шинэ таамаглалаар бол Сарны хазайсан тойрог зам болон Дэлхийн гадаргын үнэт металлын баялаг хоёулаа 4.5 тэрбум жилийн өмнө болсон нэгэн аварга сансрын мөргөлдөөний ул мөр байж болох юм.
https://www.caak.mn/post/view/43922







