Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ улс төрийн тайзнаас бууж, намын даргаа өгсөнөөс хойш яг зургаан сарын дараа түүний үеэл, Нийслэлийн МАН-ын дарга Х.Нямбаатар Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчийн албан тушаалаас огцорлоо. Тодорхой хэлбэл түүнийг огцрууллаа. Огцрох огцрохдоо “нөөцийн мах хулгайлсан” хэргээр. Монголчууд айлын гэрээс түүхий мах хулгайлсан хүнийг “улаан махны бузартай” хэмээн цээрлэдэг. Тэр байтугай мах худалдах, худалдаж авахдаа хүртэл хэл ам, хэрүүл тэмцэл хийхээс зайлсхийдэг. Урьд өмнө ийм хэргээр ажил албан тушаалаасаа бууж байсан нэг ч даргыг харсангүй.
Ерөнхий сайд Н.Учрал өнгөрөгч бямба гаригт “Хүчит шонхор” зах болон нөөцийн мах худалдаалдаг цэгүүдэд ажилласныхаа дараа Х.Нямбаатарыг ажлаас нь чөлөөлсөн. “Улс оронд хулгай дээрэм хэрээс хэтэрлээ. Төсөл, тендер хулгайлдаг байсан бол одоо ард иргэдийхээ аягатай хоол руу орлоо” гэж хэлээд нийслэлээс зарласан төсөл, тендер болгоныг шалгахыг байгууллагынханд үүрэгдсэн.
Нийслэлчүүд өнгөрсөн онд 8000 тонн мах нөөцөлж байсан бол энэ жил 5000 тонныг нөөцөлжээ. Үүнээс 2500 тонныг борлуулсан тухай Татварын ерөнхий газар мэдээлсэн байна. Үлдсэн 2500 тонн нь сох дутсан, өөрөөр хэлбэл хулгайд алдагдсан. Иргэн Б 219 сая төгрөгөөр 15 тонн мах худалдаж авсан. Нөөцийн мах бэлтгэсэн 9 компанийн хоёр нь нэг хүний компани /Ерөнхийлөгч асан Х.Баттулга болон түүний эгч Х.Цэндбаяр/ байна гэх мэтчилэн чих дэлдийж, нүүр улаймаар зүйлүүд яригдсан. “Гурилын хулгайчийн гуя цагаан” гэдэгчлэн Х.Баттулга гэдэг хүнд хийхгүй юм ч гэж алга даа.
Нөөцийн мах бэлтгэсэн ААН-үүдэд төсвөөс 6 тэрбум төгрөгийн хүүгийн хөнгөлөлт үзүүлсэн юм байна. Өөрөөр хэлбэл, тонн тутамд 1,2 сая төгрөгийн хөнгөлөлт эдэлдэг. Үүнийхээ төлөө махны үнийг Засгийн газартай гэрээлсэн үнээр нийлүүлдэг. Энэ жилийн хувьд хонины махыг 13000, үхрийн махыг 15000 төгрөгөөр гэрээлсэн юм байна. Гэтэл тал нь алга болчихсон. Нөөцийн мах худалдаалдаг цэгүүд нь нөөцийн махгүй болсон, үхрийн мах кг нь 30 мянгаас даваад 40 мянга хүрчихсэн…
Энэ үндэслэлээр Х.Нямбаатар ажлаа хүлээлгэн өглөө. Х.Нямбаатар дарга хариу мэдэгдэл хийлээ. “Зовлогыг маань хорьж чадах ч зориг зүрхийг маань хорихгүй шүү бацаан аа” хэмээн хэмээн лайв хийж цамналаа. Х.Нямбаатар 1978 оных, Л.Оюун-Эрдэнэ нь 1980, Н.Учрал 1987 оных. Насны зөрүү 10 хүрэхгүй. Гэхдээ энэ чухал биш. Гол нь улс төрийн, төрийн хүний хувиар эрхэлж байсан ажил, албан тушаалдаа хүндэтгэлтэй хандах, тэр хэмжээнд биеэ авч явах, хянаж сурах нь наад захын дадал юм. Албан тушаалыг авсан шигээ өгч сурах ёстой. Ард иргэдээ “ялаа” гэж үздэг ах, дүү хоёрт намын дарга аа “бацаан аа” гэх бол юу ч биш байх л даа. Гэхдээ иргэдийн, энэ этгээдүүдийг сонгосон, томилсон хүмүүсийн хэмжүүр арай өөр байх ёстой.
Х.Нямбаатар “Монгол улсад хууль цааз гэж байдаг бол эцэст нь тултал явна” гэж байх шиг байна лээ. Тэр нь харин зөв. Шалгах ёстой юм байвал шалгуулаад л гарах хэрэгтэй. Бухимдаад байх шаардлага байхгүй. Эхнээсээ шалгагдаад явж байгаа. Х.Нямбаатарын орлогч Т.Даваадалайг “Туулын хурдны зам” төслийн хэргээр хорьж шалгаж байгаа. Эхнэрийнхээ компаниар дамжуулж тендер авсан, мөнгө угаасан хэргээр. 32 км замыг 2,3 их наяд төгрөгөөр барихаар төсөвлөсөн. Нэг метр замын төсөв 70 саяас давсан гэсэн үг. Тэгээд тэр нь Улаанбаатар хотын түгжрэлийг бууруулахад ямар ч хувь нэмэр оруулахгүй, тооцоолол байхгүй, судалгаа хийгдээгүй байна гэдгийг мэргэжилтнүүд ярьсаар, хэлсээр, шаардсаар байж ажлыг нь зогсоосон. Х.Нямбаатар харин “Би үхсэн ч Туулын хурдны замыг зогсоохгүй” гэж мэдэгдсэн. Зогсоохгүй гэсэн шалтгаан нь ч тодорхой болсон.
Нэг эрдэмтэй хүн “Их төсөвтэй ажлыг том, мега төсөл гэдэггүй юмаа. Төслийн үр өгөөж нь их байж том, мега болдог юмаа” гэж хэлсэн байна лээ. Х.Нямбаатар Улаанбаатар хотын түүхэнд байгаагүй том төсөвтэй хотын дарга байсан. Л.Оюун-Эрдэнэ Монгол Улсын түүхэнд байгаагүй том төсөвтэй Ерөнхий сайд байсан. Гэвч монголчууд болон нийслэлчүүдэд наалдсан зүйл нэгээхэн ч байхгүй.
Х.Нямбаатарын хотын дарга болоод л автобусны буудал дээр худалдаа хийж байгаа айлын авгай нартай хэрэлдэж эхэлсэн. Араас нь ТҮЦ эрхлэгчдийг амьжиргаанаас нь салгасан. Зүв зүгээр байсан бордюруудыг хуу татаж хаяад хятадаас авчирсан үйлдвэрийн боржингоор сольсон. Явган хүнийг замыг зам биш, там болгосон.
Ерөөсөө Х.Нямбаатар даргын гаргасан шийдвэр болгон иргэдийн эрх ашиг, амьжиргааг хөндөж ирсэн. Адаг сүүлд нь “махны хулгайгаар” ажлаа өглөө. Замын татвар, автомашины татварыг хэд дахин нэмчихээд тэр мөнгөөрөө бордюр шахна гэдэг арай л хэтэрсэн хэрэг байлаа. Ямартай ч Хэнтийн хоёр “бэрх”-ээс бид нэг хэсэгтээ ангижирлаа. Араас нь хаанахын ямар гээч "бэрх" нь ирэхийг харж л байя.







