
Орхон аймгийн нийгэм, эдийн засгийн үзүүлэлт, хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын талаар Засаг дарга Б.Зоригтбаяр өнгөрсөн пүрэв гарагт сэтгүүлчдэд танилцуулав.
Тэрээр 2024. 11.04-ний өдрөөс Орхон аймгийн Засаг дарга бөгөөд Эрдэнэт хотын захирагчаар томилогдон ажиллаж байна. Улаанбаатар, Дархан хотууд болон Архангай аймагт усан парк байгуулах талаар яригдсан ч одоогоор аль нь ч ашиглалтад ороогүй байна. Тэгвэл Орхон аймгийн Жаргалант суманд дөрвөн улирлын буюу жилийн аль ч үед ажиллах усан паркийг барьж эхэлнэ. Ирэх долоо хоногт шав тавина.
Орхон аймаг нь хойд бүсийн тээвэр логистикийн төв. Нэг хүнд ногдох ДНБ-ээр улсын дунджаас 48 хувиар их байна. Учир нь Эрдэнэт үйлдвэр тус аймагт бий. 7000 ажилтантай том үйлдвэрийг дагаад бизнесийн олон салбар энэ хотод хөгжжээ.
Тус аймгийн нэрлэсэн дундаж цалин улсын дунджаас их байдаг. 2025 онд 27.3 хувиар их байжээ.
Тус аймгийн нэрлэсэн дундаж цалин улсын дунджаас их байдаг. 2025 онд 27.3 хувиар их байжээ. ЭНЭ ОНД 388 ТЭРБУМ ТӨГРӨГ БУЮУ ХАМГИЙН ИХ ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫГ ХИЙНЭ
Орхон аймгийн хөрөнгө оруулалт 2025 оныхооос 2.4 дахин өсжээ. Учир нь энэ аймгийн 50 жилийн ой тохионо. Аймгийн төсвийн хөрөнгө оруулалтаар сургууль, цэцэрлэгийн барилга, ИШС-ний засвар шинэчлэл, цахилгаан хангамж, гэрэлтүүлэг, авто замын засвар, орчны тохижилт зэрэг 176 ажлыг хийнэ.
Бид хөрөнгө оруулалтыг зөвхөн барилга байгууламж гэж үзэхгүй байна. Эдийн засгийн урт хугацааны өгөөж бий болгох дэд бүтцийн капитал гэж үзэх нь зүйтэй. Иймд бид сүүлийн жилүүдэд хотын хамгийн том суурь хөгжил болсон дэд бүтэц буюу инженерийн шугам сүлжээ, цахилгаан эрчим хүч, авто замаа сайжруулахад төсвөө чиглүүлсэн.
Дэд бүтэц ба хүний хөгжил зэрэгцэн урагшлах ёстой. Иймд боловсрол, эрүүл мэнд, нийгмийн салбарт өмнөх жилүүдээс түлхүү хөрөнгө оруулна.
Манай хот 50 жилийн настай. Хотын суурь болсон инженерийн шугам сүлжээ, цахилгаан эрчим хүчний асуудалиргэдийн амьдарлын чанарт нөлөөлөхүйц хэмжээнд хүрэхээр байна. Аймгийн дулааны, бохир усны, бохир усны шугамын 46-64 хувь нь насжилт дууссан, аваарын байдалтай байна.
Иймд 2025 онд орон нутгийн төсвийн 28 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар 32 байршилд 12км инженерийн шугам сүлжээг шинэчилсэн. Газар доор байгаа юм гээд нүдээ аниад, чихээ дараад яваад байж болохгүй. Цаашид хот тэлэхэд шугам сүлжээ чухал. Хөрөнгө оруулалтын үр дүнд орон сууцны 5824 өрхийг хангаж буй инженерийн шугам сүлжээний нэвтрүүлэх чадвар сайжирсан.
Энэ онд дахин шугам сүлжээг шинэчлэх ажлаа үргэлжлүүлнэ.
40 гаруй жилийн насжилттай цахилгаан түгээх дэд бүтэц буюу шугам сүлжээ, дэд станцуудын тоног төхөөрөмж хуучирсан. Жилээс жилд засвар шинэчлэл шаардах болсон. Мөн гэр хороололд хүчдэлийн уналт байсаар байна.
2025 онд эрчим хүчний хангамжийг сайжруулахаар 78 нэр төрлийн ажлыг орон нутгийн төсвийн 40 тэрбум төгрөгөөр гүйцэтгэсэн.
35/10 кВ-ын Даваат дэд станцыг барьж, Орхон аймаг анх удаа бие даан дэд станц барьж, ашиглалтад оруулсан. Дэд станц ашиглалтад орсноор гэр хорооллын 70 орчим хувийг хангадаг дэд станцын хэт ачааллыг бууруулж, цахилгаан тасалдах эрсдэлгүй боллоо.
Мөн Даваат дэд станцаас 18.5 км цахилгаан дамжуулах агаарын шугам татлаа. Энэ жил бид Булагт дэд станцаас Оюут дэд станц хүртлэх цахилгаан дамжуулах агаарын шугамыг барьж, 35/10 кВ -ын тойрог схем үүсгэн, хотын цахилгаан хангамж сайжирна.
2025 онд боловсролын салбарт хамгийн их хөрөнгө оруулсан, онцлог жил байв. Орон нутгийн төсөв, болзошгүй аваарын зардлаас нийт 22 тэрбум төгрөг хөрөнгө оруулж, сургууль, цэцэрлэгийн барилга, дотуур байр, сантехник, дээвэр, шал, дулаалга, хана, цонх зэрэг зайлшгүй шаардлагатай засваруудыг гүйцэтгэлээ.
Засгийн газраас 2026 оныг “Боловсролыг дэмжих жил” болгосон. Хөрөнгө шийдэгдээгүй тжл барилгын ажил нь зогссон 8 төсөл бий. Үүний гурав нь боловсролын салбарынх.
Энэ оны улсын төсөвт хоёр багийн сургууль, 16-р сургуулийн спорт заал, 2А хорооллын 960 хүүхдийн сургууль, 150 хүүхдийн цэцэрлэг, 7А хорооллын 960 хүүхдийн сургууль, “Ирээдүйн одод” сургуулийн дотуур байр, Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ-ын хөрөнгө оруулалтаар шинэ суурьшлын бүс “Уурхайчин” хороололд 960 хүүхдийн сургууль, 250 хүүхдийн цэцэрлэг барина.
Орхон аймаг агаарын бохирдлоор Улаанбаатарын дараа ордог байна. Иймд өрхийг халаах байгальд ээлтэй шийдэл бүхий Их залуу дэд төв, 12.5мВт-ын хүчин чадалтай нарны цахилгаан станцыг байгуулах болжээ. Энэ нь аймгийн сэргээгдэх эрчим хүчний анхны эх үүсвэр болно.







