
Ард түмэн Ардын намд итгэл үзүүлэхдээ, иргэдийнхээ орлогыг нэмэгдүүлж, том төслүүдээ хөдөлгөж, эдийн засгаа солонгоруулж, ажлын байр нэмэгдүүлж, хүний эрхийг хязгаарладаггүй, жижиг, дунд бизнесээ дэмжээд, ажил хийгээд өгөөч гэсэн. Харин Ардын нам яг эсрэгээр нь ажиллаж, иргэдийн орлого нэмэгдсэнгүй, үнэ өсч, өргөн хэрэглээний барааны үнэ нэмэгдэж, том төслүүдээ гацааж, эдийн засаг элгээрээ хэвтэхэд тун ойрхон болов.
Сонгуульд ялалт байгуулаад нэгхэн жилийн дараа Засгийн газар, УИХ-ын дарга аа огцруулаад, албан тушаал эрх мэдлийн төлөө алалдан тэмцэлдсээр өнөөдрийг хүрэв. Дээрээ суудлаа олохгүй бол доороо гүйдлээ олохгүй гэдэг шиг засаг төр солигдох болгонд дагаад төрийн бүх шатанд ажил гацдаг, нэг хэсэг нь албан тушаал авах гэж, нөгөө хэсэг нь албан тушаалаасаа мултрах гэж явсаар төрийн бүх шатанд гацаа үүсгэнэ. Парламентын ордноос эхэлсэн Ардын намын зодоон одоо Хот руу орчихлоо, цаашид аймаг, сум гээд төрийн бүх шатанд очих нь. Нэг үгээр Ардын намынхан ард түмнээ бодох завгүй эрх мэдлийн төлөө тэмцэлдэж, албан тушаалын наймаа хийж, зодолдсоор хоёр жилийг үдэв. Монгол ардын намын зодооны гор гарч, өнөөдөр инфляци хоёр оронтой тоонд шилжилж, мах магнаг болж, өргөн хэрэглээний барааны үнэ тэнгэрт хадав. 2024 оны сонгуулийн үр дүнд үнэмлэхүй олонх болж, төр барьж байгаа.
Ардын нам ердөө хоёрхон жилийн дотор гурван Ерөнхий сайд, гурван УИХ-ын дарга сольж, түүнийгээ дагаад төрийн бүх бүтцэд халаа, сэлгээ хийсээр өдийг хүрэв.
Бүрэн эрхийнх нь тал хувь явчихсан байхад Ардын нам ард түмний амьдралыг сайжруулсангүй, иргэдийнхээ орлогыг нэмэгдүүлэх нэг ч олигтой шийдвэр гаргасангүй, улсынхаа хөгжлийг урагшлуулах бүтээн байгуулалт, том төслүүд хөдөлгөн ажлаа гацааж, албан тушаалаа булаацалдаж дуусаагүй байна. Одоо Ардын намынхан Улаанбаатар гэх том айлаар тоглож эхэллээ. Ардын намынхан үнэмлэхүй олонх болохдоо нийслэлд ч мөн ялалт байгуулж, нийслэлийг удирдаж байгаа. 2024 оны сонгуулиар нийслэлд ялж, хотыг тэр чигтээ МАН удирдаж байгаа. Хоёр жилийн турш парламент, Засгийн газраар тоглож, ээлж дараалан нэгнийгээ унагаж, эрх мэдлээ булаацалдсан бол одоо нийслэл рүү орж, Хотын даргаа чөлөөлөх шийдвэр гаргав. Ингэснээр дахиад дараагийн Хотын дарга, шинэ хотын дарга нь халаа сэлгээ хийсээр 2028 онтой золгох нь.
Үндсэндээ Ардын нам бүрэн эрхийнхээ хугацаандаа амласан мөрийн хөтөлбөрөөсөө ухарч, албан тушаал, эрх мэдэл булаацалдсан дөрвөн жил өнгөрөх төлөвтэй.
Ард түмэн, шударга ёс гэсэн худал үгээр халхавчилсан харин эсрэгээрээ Ардын намынхан л сайхан амьдарч, хаана мөнгө байна тэнд Ардын намынхан алалцаж, хаана эрх мэдэл байна тэнд Ардын намынхан л тэмцэлдэж байгааг ард түмэн үзэж бас харж байгаа. Монголчууд, сонгогчид ухаантай болсон шүү, Ардын намынхаан.
https://news.mn/r/2867006/







