http://www.nutag.mn
Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

Өрхийн орлого үнийн өсөлтийг гүйцэхгүй байна


“Дөрөвхөн ширхэг чинжүү, өргөст хэмх, майонез зэрэг хэдхэн зүйл авахад л 30 мянган төгрөг болж байна. Амьдрал улам дордоод байна шүү дээ. Өмнө нь 300 мянган төгрөгөөр бүтэн сарын махаа авдаг байсан бол одоо тэгж авч чадахаа больсон” хэмээн нэгэн иргэн ярив. Энэ бол үнийн өсөлт иргэдийн өдөр тутмын амьдралд хэрхэн нөлөөлж байгааг харуулах нэг жишээ.
Өрхийн амьжиргаа сайжирсан эсэхийг зөвхөн цалин, орлогын өсөлтөөр дүгнэх боломжгүй. Харин олсон орлогоороо хэрэгцээгээ хэрхэн хангаж, сарын эцэст хэдий хэмжээний мөнгө үлдээж байгаагаар бодит байдлыг хэмждэг.
2025 онд нэг өрхийн сарын дундаж нийт орлого 3.05 сая төгрөгт хүрч, 2021 оныхоос 87.9 хувиар өссөн. Харин сарын дундаж нийт зарлага 3.14 сая төгрөг болж, мөн үеэс 110 хувиар нэмэгдсэн байна.
Өөрөөр хэлбэл, өрхийн орлого нэмэгдсэн ч зарлага илүү хувиар өсжээ. Энэ нь өрхийн хуримтлал үүсгэх боломжийг хязгаарлаж, өдөр тутмын хэрэглээгээ хангаж чадахгүйд хүргэж байна. Харин хүнсний сарын дундаж зарлага 516 мянга,  бараа, үйлчилгээний зарлага 2.39 сая төгрөгт хүрсэн байна.
Хүнс, орон сууц, дулаан, цахилгаан, тээвэр зэрэг зайлшгүй хэрэгцээний зардал нэмэгдэхийн хэрээр өрхийн дарамт өсдөг. Орлогынхоо ихэнх хэсгийг зардалд зарцуулж байгаа өрхүүдийн хувьд цалин нэмэгдсэн ч амьжиргаанд өөрчлөлт гарахгүй.
Хэрэглээгээ танах, хуримтлалаасаа зарцуулах, цаашлаад өдөр тутмын хэрэгцээгээ зээлээр санхүүжүүлэхэд хүрч болзошгүй. Тиймээс өрхийн амьжиргааг үнэлэхдээ орлогын өсөлтийг дангаар нь бус, зарлагын өөрчлөлт болон зайлшгүй хэрэгцээнд зарцуулж буй мөнгөний хэмжээг хамтад нь авч үзэх шаардлагатай. Цалин нэмэгдэх нь иргэдийн худалдан авах чадвар заавал сайжирсныг илэрхийлэхгүй. Нэрлэсэн орлого нь тухайн хүний авч буй мөнгөн дүнг хэлдэг бол бодит орлого нь уг мөнгөөр хэдий хэмжээний бараа, үйлчилгээ худалдан авч чадаж байгааг илэрхийлдэг.
Тухайлбал, сарын цалин 1.5 сая төгрөгөөс 1.62 сая төгрөг болж, найман хувиар нэмэгдсэн гэж үзье. Харин тухайн хүний хэрэглэдэг бараа, үйлчилгээний үнэ дунджаар 12 хувиар өссөн бол цалингийн нэмэгдэл үнийн өсөлтийг нөхөж чадахгүй. Өөрөөр хэлбэл, илүү их мөнгө авч байгаа ч өмнөхтэй ижил хэмжээний бараа, үйлчилгээ худалдан авах боломж нь хумигдана.
Цалин хэдэн хувиар нэмэгдсэнийг харахаас гадна үнийн өсөлттэй харьцуулахад бодит орлого хэрхэн өөрчлөгдсөнийг тооцох нь чухал.  Эцсийн дүндээ өрхийн амьжиргаа сайжирсан эсэхийг зөвхөн орлогын өсөлтөөр бус, тухайн орлогоороо өмнөхөөсөө илүү хэрэгцээгээ хангаж, санхүүгийн хувьд тогтвортой амьдрах боломж нэмэгдсэн эсэхээр хэмжих ёстой.

https://news.mn/r/2893744/
скачать dle 12.0

Next Post

Шинэ мэдээ