Баруун-Урт сумын Ерөнхий боловсролын хоёрдугаар сургуулийн захирал С.Батчулуунтай ярилцлаа. Хэдийгээр хичээлийн жил дуусч байгаа ч өнгөрсөн нэг жилийн турш тус сургуулийн хэрэгжүүлсэн үйл ажиллагаа олны анхаарал, талархлыг татаад буй. Тус хамт олон сургалтын менежементээ шинэчилж, байгууллагын соёлыг нэвтрүүлэхийг хичээсэн завгүй бөгөөд үр дүнтэй нэг жилийг өнгөрөөжээ.
-Сургуулийн үүдээр ороход мэндчилгээ их содон санагдлаа л даа. Энэ талаар хоёулаа яриагаа эхлүүлье?
-Монголчуудын нэг яриа байдаг шүү дээ, сургууль бол соёлын газар гэж. Тиймээс бид хүүхдүүдэд боловсролоос гадна соёлыг байнга олгож байх ёстой. Сүүлийн жилүүдэд албан газар болгонд байгууллагын соёл гэдэг зүйл ихээр яригдах болсон. Тиймээс сургууль, соёлыг хэрхэн хүүхдүүдэд өгч болох талаар судалсан. Энэ хүрээнд 2020 оноос онол практикийн түвшинд мэргэжлийн хүмүүсийн тусламжтайгаар сургуулийнхаа алсын хараа, эрхэм зорилгоо бүрэн төгс тодорхойлж чадсан. Улмаар сургуулийнхаа онцлогт тохируулаад, бид үндэсний өв соёлыг дээдлэх, сурталчлан таниулах, түгээн дэлгэрүүлэх гэдэг алсын харааг тодорхойлсон. Үүндээ тохирсон менежмент, соёлыг нэвтрүүлэх ажлын эхлэл бол энэ мэндлэх, хүндлэх ёс юм. Бид удаан судалж, хэлэлцсэний үндсэн дээр зүрхэн тушаа газраа баруун гараа барьж, хагас бөхийх мэндчилгээг сонгосон. Мэндлэхдээ малгайгаа авах, халаасандаа гараа хийхгүй байх гээд жижиг сажиг мэт боловч цаагуураа өндөр ач холбогдолтой, соёлыг хэвшүүлж чадсан.
-Яагаад заавал энэ мэндчилгээг сонгосон юм бэ?
-Түүхээ ч, төрт ёсоо ч бодсон энэ бол манай үндэсний ёсолгоо юм билээ. Төрийн өндөрлөгүүд маань хүртэл хүндэтгэлийн үйл ажиллагааны үеэр энэ ёсолгоогоор ёсолдог. Тиймээс манай хамт олон дуу нэгтэйгээр энэ ёсолгоог сонгож, одоо бүх багш, сурагчид маань ингэж мэндчилж хэвшсэн. Харахад амархан мэт боловч хүүхдүүд ялангуяа бага ангийнхан баруун, зүүн гараа солихоос эхлээд асуудал байсан. Өдөр болгон давтаж, тогтмол хийгээд ирэхээр хэвшчихдэг юм билээ. Одоо манай сургуулийн сурагчид сургуулиас өөр газар таарсан ч багш нартайгаа энэ ёсолгоогоороо мэндэлдэг. Энэ бол манай хамт олны энэ хичээлийн жилийн томоохон бас үр дүнтэй ажлуудын нэг байсан гэж онцолж болно.
-Зөвхөн сургуулийн багш, сурагчид гэхгүй гаднаас орж ирсэн хүн бүрийг угтаж аваад яг ингэж мэндэлдэг юм байна лээ. Анхандаа хүмүүс их сонин хүлээж авдаг байх?
-Тийм шүү. Анх эцэг эхчүүд, хүмүүс их гайхдаг байсан бол одоо бүгд яг адил мэндлээд сурчихсан. Эцэг эхчүүд маань гаднаас орж ирээд л шууд мэндлэх газраа очоод зогсдог болсон. Энэ талаар сургуулийн цахим хаягт эцэг эхчүүдийн талархлын сэтгэгдлүүд ч их ирэх болсон. Өөрийг нь хүн угтаж аваад тэгж мэндлэхээр их хүндлэл мэдрэгддэг юм байна л даа. Яг ийм эерэг санал сэтгэгдлүүд бид бүхний хувьд маш их ажлын урам зориг, эрч хүчийг өгдөг.
-Танай сургуулийнхан бас тогтсон нэг өдөр үндэсний хувцсаа өмсдөг, бас төрийн дууллаа дуулдаг юм байна.
-Тийм ээ. Долоо хоногийн даваа гараг бүр үндэсний хувцсаа өмсөж хэвшээд 3 жил болж байна. 2021-2022 оноос илүү улам төгөлдөржсөн. Энэ бол зөвхөн дээл хувцас өмсөх биш хүүхдүүдэд үндэсний болон бусад хувцсыг ч хэрхэн зөв өмсөх, хүндлэх соёлыг давхар олгодог нэг ажил. Үндэсний хувцсыг зөвхөн баяр ёслолоор өмсөх биш, байнгын хэрэглээ болгох, тогтмол өмсдөг байя гэсэн үүднээс үүнийг хэрэгжүүлж эхэлсэн. Бүх хүүхэд дээл өмссөн сууж байгаа ангид орох бас л хөөрхөн шүү. Дотно болоод нэг тийм огших мэдрэмжийг төрүүлдэг. Багш нар маань ч адил өмсдөг, багш нартаа хувцсаа солих орчин нөхцөлийг нь бүрдүүлээд өгсөн. Харин төрийн дууллаа өдөр бүр дуулах бол манай сургуулийн уламжлал болсон үйл ажиллагаа. Сургуулийн 1200 орчим сурагч бүгд төрийн дууллаа бүрэн мэддэг. Дуулахдаа зүгээр нэг дуулсан болоод өнгөрөх биш, үгээ чанга тод хэлж, цэх зогсож байгаад хүндлэлтэй дуулахыг сургасан. Сурагчид маань өглөөдөө төрийн дууллаасаа хоцрохгүй гээд эрт ирцгээдэг.
-Хүүхэд бүр ингээд төрийн дууллаа дуулдаг, үндэсний хувцсаа өмсдөг, бусадтайгаа хүндэтгэлтэй мэндэлдэг боллоо шүү дээ. Бүтэн жил үүнийг дадал болгоод ирэхээр хүүхдэд хувь хүн талаас нь ямар үр дүн гарч байна?
-Яг үнэн. Мэдээж маш их бодит үр дүн гарч байгаа. Хичээлийн жилийн төгсгөлд судалгаа харж байхад нэгдүгээрт, сурагчдын хичээлээс хоцрох тохиолдол 50 хувь буурсан байна. Өглөөд 7 цаг 50 минутад төрийн дууллаа дуулдаг болохоор үүнээс хоцорч болохгүй гэдэг сэтгэхүй хүүхдэд суучихдаг юм байна. Хоёрдугаарт, энэ бүхнийг өдөр бүр хүүхдүүд чин сэтгэлээсээ хийгээд байхаар хүндлэл гэдэг зүйл бий болдог. Сурагч багшаа, багш нь сурагчаа чин сэтгэлээсээ хүндлээд ирэхээр нэг нэгэндээ итгэх итгэл нь нэмэгдэж, тухайн сурагчийн хувьд хичээлдээ хандах, гэрийн даалгавраа хийх, багшийн өгсөн үүрэг даалгаврыг биелүүлэх зэрэг нь эрс сайжирдаг юм байна. Яагаад гэвэл багш надад итгэж байгаа учир би хийхгүй бол болохгүй гэдэг ухамсар цаагуураа хүүхдэд суучихдаг. Ганц багш сурагч гэхгүй сурагч сурагчаа хүндлэх, итгэх байдал нэмэгдсэнээр хүүхдийн хандлага ч өөрчлөгддөг зэрэг үнэхээр эерэг, сайхан үр дүнгүүдийг бид харж байгаа.
-Үндэсний өв уламжлалаа хичээлтэйгээ хэрхэн холбож байна. Энэ талаар онцлох ажил байгаа юу?
-Мэдээж байлгүй яахав. Хүүхдүүдийн нас сэтгэхүйд тохирсон үндэсний зан үйлийг мэдүүлэх, сургах ажлыг багш нартаа хуваарилж өгсөн. Жишээлбэл, нэгдүгээр ангийн хүүхдэд шагай таниулах, нэрлэх, шагайн тоглоом наадгайнуудын талаар мэдлэг олгох, хоёр, гуравдугаар анги морь уралдах, шагай шүүрэх, таалцах, тавдугаар анги алаг мэлхий өрөх, 6 дугаар ангид монгол үндэсний баяр ёслолын зан үйл, 7 дугаар ангид ерөөл, туульс магтаал, 8 дугаар ангид цээрлэх хүндлэх ёс, 9 дүгээр ангид үндэсний хувцас таних, зөв өмсөх,10-12 дугаар ангид монгол гэр барих ёсон гээд үндэсний ёс уламжлал бүрийг мэдүүлэх ажлыг багш нар маань үе үеэрээ хийдэг. Багш нар ерөнхий мэдлэгээ хичээл дээрээ өгнө. Бас хичээлээс гадуурх үйл ажиллагаагаар сурагчдыг хөгжүүлэх нэг төрлийн ажил болдог. Багш нар ерөнхийд нь чиглүүлээд, сурагчид гэртээ очоод аав, ээж, ах, эгч нартайгаа хамтран мэдлэгээ бататгах байдлаар тухайн хичээлээ бүрэн эзэмшдэг.
-Хичээлээс гадуурх энэ ажилтай холбоотойгоор өв уламжлалын танхимаа байгуулсан уу?
-Ер нь бол тийм. Яг халдварын үед цахимаар ажиллаж байх үед багш нар маань өөрсдийн хүчээр байгуулсан танхим. Танин мэдэхүйгээс гадна сурагчид хичээлээ давтах, гэрийн даалгавраа хийх орчныг бүрдүүлсэн. Мөн тус танхимд телевизээр монгол үндэсний контентууд байнга гарч байдаг. Үүнийг үзээд хүүхдүүд маань хичээл дээр үзсэнээ, гэртээ сурснаа ахин дахин бататгаж, басхүү шинэ зүйлийг харж сурч байдаг.
-Яагаад сүүлийн жилүүдэд сургуулийн соёл гэх зүйлд онцгойлон анхаарах болов. Та бүхэн хаа нэгтэйгээс туршлага судалсан уу?
-Манай сургууль Улаанбаатар хотын “Шинэ Монгол” сургуультай 2020 оноос хойш хамтран ажиллаж, “Төрийн өмчийн ерөнхий боловсролын сургуулийн менежментийг сайжруулахад дэмжлэг үзүүлэх нь” төслийг хэрэгжүүлж байна. Энэ хүрээнд дээр хэлсэн алсын хараагаа томъёолсон. Ер нь алсын хараа гэдэг аливаа нэг байгууллагад маш чухал юм байна гэдгийг хамгийн ихээр ойлгоод, түүнийгээ хэрэгжүүлэхийн төлөө ажиллаж байна гэж хэлж болно. Бид хаа хүрэхээ, тухайн газраа ямар замаар очихоо тодорхойлсон байхад гарц нь тодорхой болдог юм байна. Манай хамт олны тухайд юунд, хэрхэн хүрэхээ тодорхойлчихсон учир арга замыг маш оновчтойгоор олж, түүнийгээ хэрэгжүүлэхээр зорин ажиллаж, эхнээсээ амжилттай хэрэгжиж байгаа. Яг зөв замаар явж байгаа учир бид бүхний хийж буй бүхэн олонд хүрч, тодорхой үр дүнгүүд гарч байгаа гэж ойлгож байна.
-Багш нарт ямар үр дүнгүүд гарч байна вэ?
-Манай хамт олон шинэ санаа, сайхан туршлагыг 2013 оноос хэрэгжүүлж эхэлсэн. Багш нараа баг багаар нь "Шинэ Монгол" сургуультай биечлэн танилцуулах ажлыг тогтмол хийсэн. Тухайн сургуулийн анги танхим, ширээ сандал гоё гэхээс илүү сургалтын онцлог, багш сурагчдын харилцааны талаар судалж, түүнийгээ турших, засаж сайжруулах замаар сургуульдаа нутагшуулахыг зорьдог. Ганц "Шинэ Монгол" сургууль биш өөр хөрш зэргэлдээх аймаг, сумдад очиж туршлага судалж байсан. Энэ болгондоо багш нар өөртөө, ангидаа, сургуульдаа нэг шинэ шинэлэг жил, санааг заавал нэвтрүүлдэг. Энэ л амжилт. Сүүлийн үед бид бүхэн, манай багш нар өөрсдөө туршлагаа бусадтай хуваалцах болсон. Ингэхээр үнэхээр үр дүн гарч байна гэсэн үг биз дээ.
-Багш, сурагчдын харилцаа хандлага өөрчлөгдөөд ирэхээр сургалтын түвшинд хэрхэн нөлөөлж байна вэ?
-Үүнийг шууд хэлэхэд хэцүү л дээ. Нэг зүйл сайжирсан байхад бусад нь дагаад сайжирч дээшилнэ гэдэг хэцүү, үүнд дахин цаг хугацаа шаардагдана. Мэдээж сургалтын түвшнээ сайжруулах, ахиулах зорилт байлгүй яахав. Ер нь харилцаан дээр бүх зүйл явагддаг. Багш шавьдаа, шавь багшдаа, багш багшдаа итгэдэг болсноор бүх талаар явцдаа үр дүнгүүд гарна гэж харж байгаа. Яг энэ итгэл гэдэг зүйлийг л манай сургууль бий болгохоор ажиллаж байна. Ингээд нэг нэгэндээ итгээд ирэхээр багш нарын, сурагчдын хичээл зүтгэл, хандлага бүгд өөрчлөгддөг юм байна.
-Алсын хараагаа тодорхойлчихсон, замаа гаргачихсан, та бүхэн хэдийнэ замдаа гарсан гэсэн шүү дээ. Замд саад бартаа хэр байна?
-Мэдээж байгаа. Гэхдээ чиглүүлэгч нь замаа алдахгүй л байвал бүхнийг давна. Үүний тулд бид эхлээд удирдлагын түвшинд ажлаа маш сайн төлөвлөж, харилцан ярилцаж, хүн бүрийн саналыг сонсох ёстой. Удирдлагын багаас гарсан шийдвэрийг багш нараараа хэлэлцүүлээд хамгийн сүүлд багш нар үүнийг сурагчдад ойлгуулах учиртай. Хаа хүрэх гэж байгаагаа багш нар, сурагчид гээд бүгд маш сайн мэдэж, нэг зүгт харж байхад заавал амжилтад, оргилд нь хүрнээ л гэж боддог.
-Тэгэхээр сургуультай холбоотой бүхий л үйл ажиллагааг яг хамт олноороо хэлэлцэж шийдвэр гаргадаг юм байна гэж ойлголоо.
-Удирдлагын түвшинд шийдвэр гаргаад та нар үүнийг дага, хэрэгжүүл гэх биш, багш нэг бүрийн санал санаачилгыг сонсож байж бид ажлаа төлөвлөдөг. Сургуулийн бүтэн жилийн үйл ажиллагааны төлөвлөгөөнд багш бүрийн саналыг тусгадаг. Энэ бол манай сургуулийн бас нэг онцлог. Өөрийнх нь санаачилсан ажил хэрэгжээд ирэхээр багш нарын сэтгэлзүй, хандлага ч маш их дээшилдэг юм байна гэж анзаарсан. Манай сургууль, анги гэж онцгойлох биш үе гэх ойлголтыг хэвшүүлээд мөн хоёр жилийн нүүрийг үзэж байна. Энэ бол боловсролын салбарт, хүүхдүүдийг сурч хүмүүжүүлэх үйл ажиллагаанд өндөр ач холбогдолтой нь батлагдаж байгаа.
-Үе гэж яг юуг хэлж байна вэ?
-1А, Б гэж анги тус бүрээр үзэх биш нэгдүгээр үеийнхэн, хоёрдугаар үеийнхэн буюу ангийн бүлгүүдийг нэгтгэдэг гэсэн үг. Ингэхээр 1А ангийн багш сайн, 2Б ангийн хүүхдүүд мундаг гэж хүүхдүүдийг хооронд нь ялгах зүйл үгүй болдог. Нэгдүгээр ангийн дөрвөн бүлгийн дөрвөн багш, тавдугаар ангийн гурван бүлгийн гурван багш хамтарч нэг баг болон ажиллана. Тухайн багш зөвхөн өөрийн даасан ангийн биш тухайн үеийнхээ бүх хүүхдийг анхаарна гэсэн үг. Сонсоход хэцүү мэт боловч манай багш нар арга эвийг нь олчихсон болохоор маш олон эерэг үр дүнгүүдийг гаргаж байгаа. Багш дээр ч ахиц гарна. Нэг багш ганцаараа хэдэн цаг суугаад нэг төлөвлөгөө гаргах биш үеийнхээ багш нартай нийлээд бүгдээр хэлэлцээд дундаа нэг төлөвлөгөө гаргах жишээний. Эндээс багш нар нэг нэгнээсээ суралцахаас гадна тэдний цаг хугацаа, цаасыг маш ихээр хэмнэж чаддаг. Багаар ажиллана гэдгийг жинхэнэ утгаар хэрэгжүүлдэг хүмүүс бол манай багш нар гэж би хэлнэ. Энэ баг хүүхдийн сурлагаас гадна хүмүүжил, эрүүл мэнд, бие даасан байдал, хувь хүний хөгжил гээд бүх зүйлд анхаардаг. Нэг хүүхдэд хэд хэдэн багш анхаарлаа хандуулаад эхлэхээр эцэг эхчүүдийн үүрэг хариуцлага ч нэмэгддэг.
-Хичээлийн нэг жил дуусч байна. 2021-2022 оны хичээлийн жилийг дүгнэвэл?
-Энэ хичээлийн жил завгүй бөгөөд эрч хүчээр дүүрэн жил байлаа. Байгуулагдсан цагаасаа хойш нэг л арга барил, зарчмаар ажиллаж ирсэн сургуулийг өөр түвшинд гаргах гэж сүүлийн жилүүдэд манай хамт олон ажиллаж байна. Сургалтынхаа менежментийг 2021 онд шинэчилж, үүнийгээ хэрэгжүүлэх гэж үзсэн жил байлаа. Үүнийхээ үр дүнг ч маш олон талаар харж, мэдэрч, сонсож байна. Ирэх жил үүнээс илүү үр дүнг гаргаж, нэг биш нэлээн хэдэн шатаар ахисан жил байна гэж харж байгаа.
-Ярилцсанд баярлалаа.