Т.Гончигдорж даргын талаар хөгжилтэй, зарим үед дэгсдүүлсэн гэмээр яриа сэмхээн “газар авна”. Яригдаад байдгийн шалтгаан нь мань хүн барагтайд уурлаад байдаггүй, уужуу ханддагтай нь холбоотой байх. Арван хүүхэдтэй айлын бага болоод тэрүү, аав Түгжвандан гуай эрдэм номтой хүн байсан болоод тэрүү, Гончигоо дарга багын даруулгатай, аливаад аажуу тайвуу хандлагатай өссөн гэнэ. Тэр л зан чанараа насан туршид хадгалж, ажил мэргэжилдээ ч давуу тал болгон өөрийн онцлогоо харуулж чадсан.
“Олон нийтийн төлөө хийж байгаа ажлыг ноён нуруутай авч явах нь зөв. Би тэгж ч хичээж ирсэн” хэмээн нэгэнтээ хэлж байсан тэрбээр улсын ажлыг уураар биш ухаанаар удирдаж ирсэн, юу ч болж байсан “хө” гэх брэнд үгээ хэлж л суудаг, “зөөлөн хүч”-ийг харуулсан хүн гэхэд хилсдэхгүй.
Төрийн тусгай, төрийн захиргаа, улс төрийн салбарт дөчөөд жил зүтгэсэн, туршлагатай, ахмад хүний хувьд шинэ, залуу дарга нарт зөвлөгөө өгч, зарим үед санал зөрөлдөвч “хө” гэж байгаад л хэлэх үгээ хэлнэ. Ямартаа л “Манай дарга цэргийн анги командлахдаа “Зэрэгцээ хө, Ноомхон хө” гээд зогсоогүй байгаа” хэмээн ажил, албаныхан нь цаашлуулахав.
Түүний тухай хөгжилтэй ярианууд, өөрийнх нь зөөлөн арга барил, бусдыг хөөрхөн “явуулдаг” шогч зан чанар нь төрийн албаны хэм хэмжээтэй хатуу хэмнэлд өөр өнгө аяс оруулах шиг санагддагийг нуух юун.
Уг нь тэрбээр Цэргийн нэгдсэн дээд сургуулийг “Холбоо ашиглалтын инженер” гэдэг мэргэжлээр төгссөн, Өмнөговь аймгийн 167 дугаар ангид салааны захирагч, Ротын даргаар нийт дөрвөн жил ажилласан, ахлах дэслэгч цолтой хүн.
Ажлын гараагаа Зэвсэгт хүчний салбараар эхлүүлсэн ч төөрөг тавилангаараа төрийн байгууллага руу “хальтирч”, төдийгөөс өдий болтол зүтгэж явна. 1992 онд ардчилсан, шинэ Үндсэн хуулийн дагуу анх “Засаг дарга” хэмээх албан тушаал үүсэх үед Гучин-Ус сумын Засаг даргаар томилогдсон нь төр, түмний төлөөх шандас сорьсон их ажлынх нь эхлэл байв. Улс, нийгмийн өмчид тулгуурласан төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засгаас урьд өмнө таамаглаж ч байгаагүй, цоо шинэ зах зээлийн нийгэм рүү сум орноо шилжүүлж, удирдан авч явна гэдэг туйлын төвөгтэй, арга ухаан, шинэ мэдлэг шаардсан ажил байсан нь мэдээж.
Дөрвөн жил зүтгэсэн энэхүү хүнд албаа Төгрөг суманд үргэлжлүүлж, 1996-2000 он хүртэл тус сумын Засаг даргаар ажилласан нь сум, орон нутгийн түүхэнд төдийгүй, өөрийнх нь амьдралын хуудсанд томоохон дурдатгал, туршлагыг үлдээжээ. Улс төр, нийгмийн хувьд ороо бусгаа, эдийн засгаар тун тарчиг, төрийн эрх мэдэл анх удаа улс төрийн шинэ хүчинд шилжиж, томоохон эргэлт гарсан хүндхэн цаг үед “бүсээ чангал” гэсэн үүрэгтэйгээр нойр, хоолгүй, цалин мөнгөгүй ажиллахдаа халшрах, шантрах үе олон байсан ч төрийн албыг залгуулахын төлөө сэтгэл мохолгүйгээр зүтгэж ирсэн анхны “Засаг дарга” нарын нэг нь тэр билээ.
Дараа нь, хуучнаар МАХН, одоогийн МАН-ын аймгийн хорооны дэд даргаар 2000-2004 он хүртэл ажиллаж, энэ хугацаанд улс төрийн ууган намынхаа сүр, хүчийг орон нутагт хэвээр хадгалахын төлөө хамаг л мэдлэг, туршлагаа дайчлан ажиллаж байсныг нь ахмад гишүүд дурсаж суудаг. Ямартаа л хувийн байраа хүртэл барьцаалан зээл авч, намыг өөрийн гэсэн байртай болгож байхав. Үүний үр дүнд аймгийн МАН-ын хороо олон жилийн туршид хүний нөөц, зорилго, зорилтынхоо тогтвортой байдлыг ханган ажиллаж байна.
2004 онд Арвайхээр сумын Засаг дарга бөгөөд Хотын захирагчийн албаны даргаар томилогдоход нь Арвайхээрийг “Аймгийн нүүр царай болгох ёстой” гэсэн үүргийг дээрээс өгч, тэр л үед засмал зам, гэрэлтүүлэг, цэцэрлэгт хүрээлэн, хүүхдийн парк гэхчлэн шинэ шинэ бүтээн байгуулалтууд өрнөж эхэлсэн. Мөн төрийн үйлчилгээний төвлөрлийг сааруулж, өрхийн эмнэлгүүд, багийн төвүүд нэг цэгээс туурга тусгаарлан гарч байлаа. Т.Гончигдорж дарга тус албанд 2011 он хүртэл зүтгэжээ.
Түүний гурван сумыг 15 жил удирдсан, дээр нь улс төрийн салбарт хүчин зүтгэсэн цаг хугацаа аз түшсэн биш, аз сорьсон түүхээр арвин. Тиймдээ ч 20 дугаар зууны сүүлч, 21 дүгээр зууны эхэн үед Өвөрхангай аймгийн төрийн алба дахь сонирхолтой хүмүүсийн нэгээр Го дарга /хүмүүсийн хэлж заншсанаар бичив/ яах аргагүй тодорч байв.
Тэрбээр сүүлийн жилүүдэд Нутгийн өөрөө удирдах ёсны байгууллагыг хөгжүүлэх, бэхжүүлэхийн төлөө өөрийн хувь нэмрийг оруулан ажиллаж байна. Аймгийн Хуралд дөрвөн удаа сонгогдож, иргэдээ төлөөлөн ажиллаж байсан хүний хувьд “Төлөөлөгчид мэдлэг, чадавхитай байх ёстой” гэх зарчмыг баримтлан бүрэн эрхийн хугацаа тус бүрт Төлөөлөгчдийнхөө 87-95 хүртэлх хувийг чадавхжуулах сургалтад хамруулсан нь түүний онцлох ажил юм.
Мөн бусад аймгийн сайн туршлагыг газар дээр нь судалж, өөрийн байгууллагадаа тусгаж авах, аймаг, сумын Төлөөлөгчдийнхөө уялдаа холбоог ханган идэвхжүүлэх, Хурлын Ажлын албыг чадавхжуулахад өөрийн мэдлэг оюунаа зориулсаар явна.
Он цагийн ялгаа бүрт хал үзэж, хашир суусан, буурьтай, шийртэй дарга нарын төлөөлөл, нэгэн эрхмийн тухай цөөнийг өгүүлэхэд ийм ажгуу.