Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

Хэнтий аймаг 700 га талбайг усалгааны системтэй болгох төсөл хэрэгжүүлнэ


Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Хэнтий аймагт ажиллах үеэрээ Хэрлэн сумын нутагт хэрэгжих “Хүнсний ногооны үйлдвэрлэл ба усалгаатай газар тариалан” төслийн явцтай танилцлаа. Азийн хөгжлийн банк, Ядуурлыг бууруулах Японы сан болон Засгийн газар хамтран хүнсний ногооны 700 га талбайг усжуулахаар 2019 оноос судалгаа хийсэн бөгөөд хоёр жилийн дараа ашиглалтад оруулах юм.
 
 Төсөл хэрэгжсэнээр сүүлийн үеийн дэвшилтэт технологи нэвтрэх, хүнсний ногооны тариалах талбайн болон хураан авах ургацын хэмжээ одоогийнхоос 5-6 дахин нэмэгдэх, тариалах таримлын төрөл зүйл нэмэгдэх, шинэ таримал сортуудыг нутагшуулах, Чингис хот болон ойрын сумд, Дорнод, Сүхбаатар аймагт  бүтээгдэхүүнээ нийлүүлэх, хүнсний нарийн ногооны үр үйлдвэрлэх боломж бүрдэнэ.
 
 
Төслийн дараах тариалалт хийхийн тулд хөрс боловсруулахаас эхлээд тариалах, ургалтын үеийн арчилгаа, хураалт хийх 100 мориноос дээш хүчин чадалтай трактор, иж бүрэн техник, тоног төхөөрөмж шаардлагатай байна. Хэрлэн сумын хувьд 60 га талбайд төмс, 36 га талбайд 13 аж ахуйн нэгж, байгууллага, хоршоо, нөхөрлөл, 15 иргэн хүнсний ногоо тариалж байна. Тариаланчид Чингис хотын хүн амын төмсний 57, хүнсний ногооны 28 хувийг хангадаг бөгөөд одоогийн тариалж байгаа талбайг төмсөнд 50 га, хүнсний ногоонд 90 гаруй га талбайгаар  нэмбэл дотоодын хэрэгцээгээ 100 хувь хангах боломжтой юм. 5,854 м.кв талбай бүхий 76 ширхэг зуны хүлэмж, 680 м.квт талбай бүхий зургаан ширхэг гурван улирлын хүлэмжинд тариалалт хийж байна. 1,195 тн ургац хадгалах зоорьтой боловч 250 тн-ын зоорийг нь ашиглах боломжгүй учир нийт ургацын 65 хувийг хадгалдаг. Ургацаа бүрэн хадгалахад 1,000 тн, орон нутгийн хэрэгцээг хангах хэмжээний тариалалт хийхэд 3,000 тн–ын зоорь шаардлагатай байгаа тухай тариаланчид ярилаа.
 
сонин mn
Цаашид төмс, хүнсний ногооны үйлдвэрлэлийг даатгалтай болгох, өрхийн хэрэгцээнд үнэ төлбөргүй олгодог 0,1 га талбайн хэмжээг нэмэгдүүлэх, тариалангийн бүс нутагт зөвхөн эрчимжсэн мал аж ахуй  хөгжүүлэх, төрөөс тогтвортой үнийн бодлого баримтлах зэрэгт анхаарах хүсэлт гаргалаа. Энэ үеэр Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам Дундын техник үйлчилгээний төвтэй болгох зорилтын эхлэл болгож Хэрлэн сумын ногоочдод  32 морины хүчтэй хоёр трактор хүлээлгэн өглөө.
 
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх мөн “Хэнтий тариалан” ХХК-ийн “No-till” буюу нөхөн сэргээгдэх технологийг 2014 оноос туршиж байгаа ажлын явцтай танилцлаа.
 
Тус компани га-аас авах ургацын хэмжээг нэмэгдүүлэх, талбайн ашиглалтын сайжруулж сэлгээний нэр төрлийг нэмэгдүүлэх, га талбайн зардлыг багасгах, ургамал хамгааллын бодис-гербицидын хэрэглээг бууруулах, эко хүнс үйлдвэрлэх технологи бий болгохыг зорьж байна. Технологи нэвтэрснээр нэг га-гаас дунджаар 25 центнер үр тариа хураан авах боломжтой. Энэ технологийг Хэнтий аймгийн сумд төдийгүй Хөвсгөл, Өвөрхангай, Архангай, Дархан, Сэлэнгэ аймагт нэвтрүүлж, туршилт хэлбэрээр тариалж эхэлжээ.
 
сонин mn
скачать dle 12.0

Next Post

Шинэ мэдээ