Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

Дөрвөлж цэцэрлэгт хүрээлэнгийн эргэн тойронд...


Баруун-Урт сумын Дөрвөлж цэцэрлэгт хүрээлэнд байрлах чулуун хөшөөнүүдийг буулгаж, бурхан багшийн хөшөөг шинээр залах асуудал олны хэл амыг дагуулж буй. Асуудал нь хөшөөнүүдийг буулгахдаа ямар нэг хууль эрхзүйн акт бичиг үйлдээгүй, хөшөөний уран бүтээлчид ямар нэг мэдэгдэл хүргүүлээгүй нь хууль бус үйлдэл гэж тэд үзэж байгаа. Ер нь анх хөшөөг буулгаж газрыг нь ашиглах зөвшөөрлийг хаанаас өгөв, үүнтэй холбоотойгоор холбогдох мэргэжлийн байгууллагуудад ямар нэг мэдээллийг өгсөн үү гэдэг талаар сурвалжиллаа.

Соёлын өвийг хамгаалах тухай хуульд: 
42.2.Соёлын өвийн дурсгалт газар байгуулах саналыг соёлын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага Засгийн газарт өргөн мэдүүлнэ. Саналд тухайн аймаг, нийслэлийн ИТХ-ын шийдвэрийг харгалзан үзэж болно.
46.4.Хуульд өөрөөр заагаагүй бол соёлын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаас эрх олгосон мэргэжлийн байгууллага соёлын биет өвийг сэргээн засварлаж болно.
46.5.Соёлын биет өвийг зөвшөөрөлгүй сэргээн засварлахыг хориглоно гэж заасан байна.
Алунгоо эх болон бусад чулуун хөшөөг 2006 онд Их Монгол Улс байгуулагдсаны 800 жилийн ойгоор, Цайрт минераль компанийн 100 орчим сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар бүтээж байжээ. Цэцэрлэгт хүрээлэнгийн өнгө үзэмж муудсан ч хөшөөнүүд бүрэн бүтэн, ямар нэг эвдрэлгүй байсан. Гэтэл нэг өглөө сэрэхэд хөшөөнүүд үгүй болж, хаа нэгтээ зөөжээ. Үүнийг мэдээд хөшөөний уран бүтээлч буюу зураач, СТА Ё.Бадарч эрж хайж явсаар үл таних айлын хашаанаас хөшөөнүүдийг олсон байна. Харин хуучин сууринд нь Улаанбаатар хот дахь Нутгийн зөвлөлөөс бурхан багшийн хөшөө бүхий хүрээлэнг барихаар зураг төсвийг хийж, газрын зөвшөөрлийг нь орон нутгийн удирдлагуудаас авчээ. Уг цэцэрлэгт хүрээлэн нь тэрбум гаруй төгрөгөөр бүтэх аж. Ингээд талуудын байр суурийг хүргэе.

Аймгийн Засаг дарга М.Идэрбат:Хуучин хөшөөнүүдийг “урчуудын цэцэрлэгт хүрээлэн”-д байрлуулна
Дөрвөлж толгойн цэцэрлэгт хүрээлэнг шинэчлэх ажлын болоод газрын зөвшөөрлийг Нутгийн зөвлөлд өгсөн нь үнэн. Энэ бол ганцхан бурхны хөшөө барих асуудал биш. Дөрвөлж толгойн цэцэрлэгт хүрээлэнг цогцоор нь шинэчилнэ. Хуучин хүрээлэн 10 гаруй жил болсон учир өнгө зүсээ алдсан, сүүдрэвчнүүд үгүй болсон. Шат, гэрэлтүүлэг болон бусад тохижилтууд маш их эвдрэлтэй болсон. Үүнийг улсын төсвийн мөнгөөр шинэчилж засварлах юм бол хэдэн зуун сая төгрөг шаардлагатай. Тиймээс бид Нутгийн зөвлөлтэйгөө хамтран, аймгийнхаа 80 жилийн ойд зориулан хандив тусламжаар хийлгүүлж буй ажил. Шинэ хүрээлэнгийн зохион байгуулалтыг цэвэр Нутгийн зөвлөл хариуцан хийж байгаа. Ингэснээр бид улсын төсвийн маш их хөрөнгө мөнгийг хэмнээд зогсохгүй, харин ч хандив тусламжаар маш том бүтээн байгуулалтыг бий болгож байна гэсэн үг. Ард иргэд, хүүхэд залуучуудад хамгийн хэрэгтэй байгаа, иж бүрэн тохижилттой цэцэрлэгт хүрээлэн энд бий болно. Хуучин хөшөө дурсгалуудыг эвдэж сүйтгээгүй. Бидний хийхээр төлөвлөж байгаа Урчуудын цэцэрлэгт хүрээлэнд эдгээр хөшөөнүүдийг яг энэ хэвээр нь байрлуулж, цаашид арчилгааг хийж явах болно.

Зураач, СТА Ё.Бадарч: Монголын урчуудын эвлэл болон олон улсын байгууллагад хандана
Эдгээр хөшөөг 2006 онд миний эх загвараар барималч н.Энхтайван барьж байсан. Тухайн үед Эрдэнэмандал хийдийн хамба лам агсан Д.Даваажав гуайгаар аравнайлуулаад, газар хөндөхгүйгээр залж байсан. Ер нь анх бүтсэнээсээ эхлээд их түүхтэй хөшөө. Эв нэгдлийг бэлгэдсэн Алунгоо эхийн хөшөөний дэргэд нутгийн нэрт яруу найрагчийн "Амьддаа бие биеэ хайрла" гэх агуу үг бичээстэй чулуун хөшөө байсан. Гэтэл одоо хөшөөнүүд маань хувь хүний хашаанд, айлын жорлонгийн дэргэд хэвтэж байна. Үүнд л гомдож байна. “Хосоо дарга түр байлгаж бай гэсэн” гэж тэр айлынх нь хүн хэлсэн. Яагаад аймаг, сум нь ядаж өөрсдийнхөө хамгаалалтад авчихаж болоогүй юм, орон нутгийн удирдлагууд яагаад уран бүтээлчдийнхээ бүтээлийг хамгаалахгүй байгаа юм.
Дөрвөлж толгой дээр сул газар, зай талбай их бий. Гэтэл яагаад заавал зүгээр байгаа, үүх түүхтэй хөшөөг ингэж буулгаж, тэр аравнайлсан газрыг ашиглах гээд байгаа юм, одоо тэгээд дахиад л аравнайлах уу?
Би 50 гаруй жил уран бүтээлээ туурвиж байна. Уран бүтээл бүр минь миний хувьд үнэ цэнтэй. Би бүтээлээ хэзээ ч том жижиг, сайн муу гэж ялгадаггүй. Ур ухаан, сэтгэл зүрхээ шингээн бүтээсэн хөшөөнийхөө одоо байгаа байдлыг хараад нулимс дуслууллаа. Үнэхээр гомдолтой байна. Тиймээс би өнөөдөр холбогдох байгууллагад хандаж үгээ хэлсэн. Цаашид уран бүтээлээ хамгаалах, зохиогчийнхоо эрхийг хамгаалуулахын тулд Монголын урчуудын эвлэл болон олон улсын байгууллагад хандах болно.

Аймгийн Соёл, Урлагийн газрын ахлах мэргэжилтэн Б.Золхүү: Хөшөө буулгасан асуудал дээр арга хэмжээ авахаар ажиллаж байна
Хөшөө дурсгал нь Соёлын өвийг хамгаалах тухай хуулиараа үл хөдлөх дурсгалд бүртгэгдсэн байдаг. Их Монгол Улсын 800 
жилийг тохиолдуулан босгосон энэхүү хөшөө нь аймгийн бүртгэл мэдээллийн санд солбицол тодорхойлогдон бүртгэгдсэн 
бөгөөд Баруун-Урт сумын харъяалалд байдаг. хуулиараа хөшөө дурсгалыг гэмтэж бэртсэн тохиолдолд сэргээн засах, авран хамгаалах 
ажлыг тухайн шатны иргэдийн төлөөлөгчдийн хурлын шийдвэрээр зохион байгуулдаг. Өнөөдрийн байдлаар ямар нэгэн 
албан ёсоор гарсан шийдвэр манай байгууллагад ирээгүй. Бид сая зөөн аваачсан газар очиж үзлээ, нөхцөл байдалтай танилцлаа. Зүгээр л айлын хашаанд аваачаад буулгачихсан байна. Энэ талаар Мэргэжлийн хяналтын байцаагчид албан 
байдлаар мэдэгдэж арга хэмжээ авахаар ажиллаж байна гэв.
Талууд ийнхүү байр сууриа илэрхийлэв. Бүх ажлыг хууль дүрмийн хүрээнд хийж гүйцэтгэх чиглэлийг ч орон нутгаас өгсөн байна. Шинээр байгуулагдах цэцэрлэгт хүрээлэнгийн нээлтийг аймгийн баяр наадмын үеэр хийхээр төлөвлөжээ.
скачать dle 12.0

Next Post

Шинэ мэдээ