Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга Д.Зүмбэрэллхам, гишүүн А.Насандэлгэр нар 2022 оны 04 дүгээр сарын 14-ны өдөр Баянхонгор аймгийн шүүхийн тамгын газарт ажиллалаа.
Баянхонгор аймгийн шүүхийн хэмжээнд шүүгчийн батлагдсан орон тоо 19 боловч одоогоор 10 шүүгч ажиллаж байна. Тус аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд нэг шүүгч ажиллаж байгаа тул нэн яаралтай шүүгчийн орон тоог нэмэгдүүлэх, шүүгчийн туслах болон шүүх хуралдааны нарийн бичгийн орон тоог нэмэгдүүлэх тулгамдсан асуудал үүсээд байгааг Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга Д.Зүмбэрэллхам, гишүүн А.Насандэлгэр нарыг тус аймагт ажиллах үеэр шүүхийнхэн уламжиллаа.
Түүнчлэн шүүх хуралдааны танхимын тавилгыг 2009 оноос хойш сүүлийн 13 жил ашиглаж, элэгдэлд орсон, шүүхийн найман орон сууцтай боловч тус байр нь 1969 онд баригдсан, эдэлгээний хугацаа дууссан гэж мэргэжлийн байгууллагын үнэлгээ гарсан. Хоёр байрыг нь архивын зориулалтаар ашиглаж байгаа, нэн яаралтай засвар, үйлчилгээ хийх шаардлагатай байгаа талаар танилцуулж, дэмжлэг авах хүсэлтээ илэрхийлэв. Эдгээр асуудлыг Шүүхийн ерөнхий зөвлөлөөс судалж, анхаарч ажиллахаа илэрхийллээ.
Танилцуулгын дараа Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга Д.Зүмбэрэллхам Монгол Улсын Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлт, Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын хүрээнд өөрчлөн байгуулагдаж, шүүхийн ерөнхий зөвлөл бүрэн бүрэлдэхүүнээрээ томилогдсоноос хойш дөрвөн сарын хугацаанд хийж хэрэгжүүлсэн ажил болон шүүхийн ерөнхий зөвлөл, чиг үүргийн хороод, гишүүдийн ажил үүргийн хуваарь, ажлын горимын талаар танилцуулж, шүүхийн сахилгын хорооны үйл ажиллагааны талаар мэдээлэл хүргэв.
Тэрээр батлагдсан дүрэм, журмуудыг судлах, хэрэгжүүлэх ажилд анхаарах хэрэгтэйг тэмдэглэн хэлээд дутуу дулимаг ойлгосноос хэрэгжүүлэх боломжгүй гэж хойш сууж болохгүй, ухарч няцахгүйгээр дүрэм, журмуудыг хэрэгжүүлэх нь бидний үйл ажиллагааны талаар олон нийтэд илүү зөв ойлголт өгөх, шүүх хуралдааныг шуурхай, зохион байгуулалттай явуулах ажилд ахиц гарна гэдгийг дурдаж байлаа.
Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүн А.Насандэлгэр шүүхийн ерөнхий зөвлөлийн чиг үүргийн хороод, ажлын албаны зохион байгуулалтын бүтэц, хуульд заасан 5 чиг үүргийг хэрхэн хэрэгжүүлж байгаа талаар болон шинээр батлагдсан журмуудын онцлох зохицуулалт, уялдаа холбоо, цаашид батлагдах бодлогын баримт бичгийг батлуулах ажлыг эхлүүлсэн, ямар шатандаа явагдаж байгаа зэрэг асуудлыг тус тус танилцуулсан.
Үүний дараа шүүгч, ажилтнууд асуулт асууж, шүүхийг тойргийн журмаар байгуулах асуудалд өөрсдийн байр сууриа илэрхийлсэн юм. Мөн “Шүүгчийн амь нас, эрүүл мэндийн даатгал”-ын талаар анхаарах асуудал болон бусад асуудлаар харилцан санал солилцсон байна.
Уулзалтын төгсгөлд Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга Д.Зүмбэрэллхам, гишүүн А.Насандэлгэр нар тус шүүхийн шүүгч болон тамгын газрын нийт ажилтан албан хаагчдад талархал илэрхийлээд шинэчлэн батлагдсан дүрэм, журмын хэрэгжилтийг хангаж ажиллахыг үүрэг болгож, нийт хамт олонд ажлын амжилт хүслээ.