Нийт нутгаар цас орж, хүйтний эрч чангарч авто замын зорчих хэсэгт халтиргаа гулгаа үүсээд байна. Сэлэнгэ аймгийн нутаг Цайдам, Хустайн даваа, Баяндаваа орчмын замын нөхцөл байдал хүндрээд буй. Иймд орон нутаг болон Улаанбаатар хот талаас Сэлэнгэ, Дархан-Уул, Орхон, Булган, Хөвсгөл аймгийн чиглэлд тээвэрлэлт гүйцэтгэхээр төлөвлөгдсөн найман чиглэлийн 215 зорчигчтой 29 автобусны хөдөлгөөнийг хязгаарлаж буйг Зам, тээвэр хөгжлийн яамнаас мэдээллээ. Тасалбар бичүүлсэн иргэдийн төлбөрийг 100 хувь буцаан олгож, буцаалт хийхгүй иргэдийг маргааш замын нөхцөл байдлыг харгалзан тухайн цагуудад тээвэрлэхээр шийдвэрлэжээ.