Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

З.Эрдэнэчимэг: Сургалтын орчин жилээс жилд сайжирч байгаа нь олон талын хамтын ажиллагаатай холбоотой


Уулбаян сумын ерөнхий боловсролын сургуулийн захирал З.Эрдэнэчимэгтэй цөөн хором ярилцлаа. Тус хамт олон нь өнгөрсөн оны ажлаараа аймагтаа тэргүүлж, таван жилийн амжилтаа дахин бататгасан юм. Мөн сурагчдын сурч боловсрох, багш нарынхаа ажиллах таатай орчин нөхцөлийг бүрдүүлэхэд онцгой анхаарч, шинэ ажлуудыг үйл ажиллагаандаа нэвтрүүлжээ.

-Юуны өмнө 2021 оны ажлаараа тэргүүлсэн танай хамт олонд баяр хүргэе. Бусад сургуулиас ялгарч энэ шагналд хүрсэн гол ажил, амжилтуудаасаа дурдвал?
-Баярлалаа. Манай хамт олны хувьд Боловсролын газрын тоон болон чанарын, хөндлөнгийн үнэлгээгээр сүүлийн зургаан жил дараалан тэргүүн байр эзэлсэн амжилттай ажиллаж байна. Энэ нь багш, ажилчид, сурагчид, эцэг эхчүүд, бидэнтэй хамтран ажилладаг төрийн, төрийн бус байгууллагын үйл ажиллагааны үр дүн гэж үздэг. Мөн сумын удирдлагын зүгээс боловсролын байгууллагаа маш сайн дэмжин ажилладаг. 2021 онд манай хамт олон  аймгийн шилдэг сурагч, шилдэг багш, шилдэг сургалтын менежер, шилдэг нийгмийн ажилтантай болсон онцлог, бахархалтай жил байлаа.
-Сургуулийн хувьд сурах таатай орчин бүрэн бүрдсэн гэдэг. Хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын тухайд?
-Ажиллах, сурах таатай орчин нөхцөл бүрдүүлэхийн төлөө ажиллаж байна. ОНХС, төсөлт хөтөлбөр, эцэг эх, иргэдийн хандив тусламжаар сургалтын орчин жилээс жилд сайжирч байгаа.Анги бүр дэлгэцтэй, багш бүр өнгөт хэвлэгчтэй, хүүхэд бүр ус уух нөхцөлөөр бүрэн хангагдсан.ОНХС-гийн 45 сая төгрөгийн санхүүжилтээр иж бүрэн мэдээллийн технологийн танхимтай, мөн биеийн тамирын гадаа тоглоомын талбайтай болсон.Энэ хичээлийн жилд 75 хүүхдийн ор бүхий дотуур байрны барилга шинээр ашиглалтад орсноор байранд амьдрах сурагчдын тоо харьцангуй нэмэгдсэн. Хүүхдүүд маань тохь  тухтай маш сайхан байранд амьдардаг болсон.
-Эцэг эхчүүдийн хамтын ажиллагаагаа илүү тодотговол?
-Ер нь манай нийт эцэг эхчүүд сургуулийн үйл ажиллагааг маш сайн дэмждэг. Тиймдээ ч бидний ч ажил сайн явж байгаа гэж боддог. Өнгөрсөн хичээлийн жилд гэхэд эцэг, эх иргэдийн 7 500.000 төгрөгийн хандиваар орчин үеийн дэвшилтэт AR технологи буюу байгалийн ухааны хичээлийн цахим лабораторитой болсон. Энэ бол аймагтаа анхдагч ажил болсон гэж хэлж болно. Зориулалтын лабораторитой болохоор тухайн хичээлийн үйл явц илүү үр дүнтэй, хүүхдүүдийн идэвх хандлага ч эрс нэмэгддэг юм билээ.

-Таны хувьд удирдах ажлыг олон жил хийсэн, туршлагатай захирлуудын нэг. Удирдах ажил дээрээ баримталдаг зарчим тань юу вэ?
-Би хими-биологийн багш мэргэжилтэй, боловсролын салбарт 34 жил тасралтгүй ажиллаж байгаагийн сүүлийн 7 жилд захирлын албыг хашиж байна. Багш, ажилчдынхаа нийгмийн асуудалд маш их анхаарч ажилладаг. Жилд нэг удаа мэргэжлийн эмч урьж авчран багш нараа үзлэгт хамруулж хэвшсэн. Сүүлийн жилд ковидын өвчлөл өндөр байгаа учраас багш, ажилчдынхаа дархлааг дэмжиж ажлын байран дээр 14 хоногийн хугацаатай уламжлалт бариа заслын их эмчийг урьж авчран эмчилгээний зардалд үйлдвэрчний эвлэлээс төсвийг гарган дэмжлэг үзүүлсэн. Миний өөрийн баримталдаг нэг гол зарчим аливаа ажил явуулахад багш, ажилчдынхаа халаас руу өнгийхийг боддоггүй, болж л үзвэл сургалт авсан ч хөнгөлөлт үзүүлэх, сургууль, ҮЭ-ээс 100 хувь төлөхийг хичээдэг. Сургуулийн ажил амжилттай байгаагийн нэг үндэс суурь нь багш ажилчдын маань ар гэр сайн дэмжиж ажлаа хийх нөхцөл бололцоог хангах байдаг. Тиймээс үүн дээр л их анхаардаг даа.
-Хамт олноо чадавхжуулах, мэргэшүүлэх тал дээр яаж анхаарч байна?
-Багш нараасаа сургалтын үйл ажиллагаа явуулахад шаардлагатай байгаа сургалтын хэрэглэгдэхүүн, ном, гарын авлагын судалгаа авч тэр бүхнээр нь хангаж ажилладаг. Мөн сар бүрийн шуудан холбоо интернэтийнх нь зардлыг шийдвэрлэж өгдөг. Ажлын байранд мэдлэг боловсролыг дээшлүүлэхэд анхаарлаа хандуулж, сургалтын төлбөрт хөнгөлөлт үзүүлэн ажиллаж байна. Багшийн хөгжил, сургалтын орчны тохижилт, сургалтын хэрэглэгдэхүүнд дөрвөн сая орчим төгрөгийг зарцуулаад байна. Сайн багшаас сайн сурагч гарна.Тиймээс багш нараа аливаа уралдаан тэмцээнд орохоос эхлээд бүхий л тал дээр дэмжиж, шаардлагатай нөхцөлийг нь бүрдүүлж өгдөг.
-Танай хамт олон харьцангуй залуужсан санагдсан. Залуу боловсон хүчнээ хадгалж үлдэх тал дээр ямар арга хэмжээг авч байна. Учир нь залуучууд туршлага хуримтлуулаад ирэхээрээ төв рүү орох нь элбэг байдаг шүү дээ?
-Анх ирэхэд нь л залуу боловсон хүчинтэйгээ гэрээ хийдэг. Ажиллах нөхцөлийг нь бүрдүүлэхийн тулд байр орон сууцаар хангаж гэрэл цахилгаан, түлээ нүүрсний хөнгөлөлт үзүүлж хэвшсэн. Одоо манай шинэ залуу багш нар сурагчдын хуучин дотуур байрандаа их сайхан тохитой амьдарцгаадаг.
-Өнөөдрийн байдлаар танай сургууль хэчнээн бүлэгт хэдэн хүүхэдтэй үйл ажиллагаагаа явуулж байна. Халдварын нөхцөл байдал ямар байна?
-18 бүлэгт 450 сурагч хоёр ээлжээр хичээллэж байна. Нийт 70 орчим багш, ажилтантай. Өнөөдрийн байдлаар ковидоор өвчилсөн багш, ажилтан, суралцагч байхгүй байна. Хичээл эхлэхээс өмнө бүх багш, ажилчид, сурагчдаа ЭМТ-тэй хамтран урьдчилан сэргийлэх шинжилгээнд хамруулснаар халдварыг тархаахгүй сэргийлж чадсан гэж үзэж байгаа.
-Сургуулиас гадуурх ажил явагдаж байгаа юу?
-Хичээл, соёл урлаг, спорт гээд 12 төрлийн сонгон дугуйланд давхардсан тоогоор 225 суралцагч хамрагдаж байна.  Мөн оролцооны таван байгууллага үйл ажиллагаагаа явуулдаг. Сурагчид хичээлээс гадуурх үйл ажиллагаанд хамрагдах их сонирхолтой болсон.
-Халдварын нөхцөл байдлаас хойш сурагчдын сурлагын түвшинг тодорхойлж үзсэн үү, хоцрогдол хэр байна?
-Сүүлийн хоёр жилд ковидын улмаас улсын болон чанарын үнэлгээний шалгалт аваагүй. Өмнөх үзүүлэлтээр бол 5,9-р ангийн чанарын үнэлгээгээр улс аймгийн дунджаас 0,3-7 хувиар дээгүүр шалгуулсан. Халдвараас үүдэн хичээлийн хоцрогдол хаа сайгүй үүссэн. Тиймээс манай сургууль сурагчдын сурлагын хоцрогдлыг арилгах 18 төрлийн ажил төлөвлөн үр дүнг тооцон ажиллаж эхлээд байна.
-Ярилцсанд баярлалаа. Та бүхэнд амжилт хүсье?
-Баярлалаа.
скачать dle 12.0

Next Post

Шинэ мэдээ