Сургалтад хамрагдсан 5 нохойг энэ сарын 01-ний өдрөөс эхлэн Алтанбулаг авто замын хилийн боомтын тээврийн хэрэгсэл шалгах манаанд албаны нохой хөтлөгчийн хамт томилон үүрэг гүйцэтгүүлж эхэлжээ. Энэ нь тус ангийн албаны нохой үржлийн газраас дэвшүүлсэн “Нэг манаа нэг нохой” уриа ийнхүү үр дүнтэй хэрэгжиж буй юм.
Сэлэнгэ аймаг дахь ХЦ-ийн 0101-р тусгай анги албаны нохойн сургалтыг 14 хоногийн хугацаанд зохион байгуулсан байна. Энэхүү сургалтыг ХХЕГ-ын даргын А/215 дугаар тушаалыг удирдлага болгон Ангийн захирагчийн “Албаны нохойн сургалт зохион байгуулах тухай” А/12 дугаар тушаал гарган хэрэгжүүлжээ.
02-р сарын 14-28-ны өдрүүдэд зохион байгуулсан эл сургалтанд Хилийн албаны тасгийн албаны нохой сургагч, ахлах ахлагч Б.Мөнхбадрах, хилийн цэргийн 0336 дугаар салбар (Сүхбаатар)-ын Албаны нохой хөтлөгч, шалгагч, дэд ахлагч Х.Сундуй, хилийн цэргийн 0338 дугаар салбар (Алтанбулаг)-ын Албаны нохой хөтлөгч, шалгагч, ахлах ахлагч Д.Гантулга, А.Бат-Ирээдүй, ахлагч Н.Үүрдмандах нар хамрагдсан байна. Сургалтын хүрээнд Субару, Төтө, Визард, Лаки дуудлагатай “Герман” хоньч, Мак дуудлагатай “Швейд” хоньч нийт 5 нохойнд ерөнхий бэлтгэл, хөөн барилт, хэрэглэлд явуулах, ханцуйвчтай зуулт зэрэг сэдвүүдээр 72 цагийн хичээл заасан аж.
Сургалтын төгсгөлд Албаны нохой үржүүлэгч Б.Батхүү ангийн бие бүрэлдэхүүнд албаны нохойн үржлийн цаашдын зорилго, бэлтгэл сургалтын явц, үр дүн, авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар мэдээлэл хийжээ. Мөн сургалтад хамрагдсан эрлийн болон тусгай ажиллагааны нохойнуудын ажлын гүйцэтгэл, албаны нохой сургагч, хөтлөгч нарын ур чадварыг харуулсан богино хэмжээний үзүүлэх тоглолт хийсэн байна.