
Энэ үеэрээ спикер: "Би өнөөдрийг хүртэл ямар нэгэн байдлаар хуулийн байгууллагад дуудагдсан, гэрчийн мэдүүлэг өгсөн зүйл нэг ч байхгүй. Аливаа шатны шүүхийн байгууллагаар гэм буруутай гэж тогтоогдсон зүйл байхгүй. Сүүлийн өдрүүдэд улс төрийн өндөр албан тушаалтай, хариуцлагатай этгээдүүд гүжир гүтгэлэг хийж, төөрөгдүүлж байгаа нь ардчилсан Монгол Улсын парламентын засаглалд аюул учирсны дохио. Энэ асуудал өнөөдөр миний, маргааш та бүгдийн асуудал болно. Монголын ардчилалд аюул ирсэн байна. Парламентад суудалтай намууд ч аливаа асуудалд ул суурьтай хандах хэрэгтэй. Бидний санаачилгаар 126 гишүүнтэй парламент бүрдээд жил ажиллаж байна. Мэдээж улс төрийн өрсөлдөөн явна. Гэхдээ баримт нотолгоонд суурилаагүй зүйлээр УИХ-ын үйл ажиллагаа доголдож болохгүй.
Би УИХ дахь АН-ын улс төрийн зөвлөл, бүлгээс гаргасан шаардлагыг хүндэтгэж байгаа. Гэвч өнөөдөр Х.Тэмүүжин гишүүний хэлсэнчлэн, УИХ дахь АН-ын бүлэг намайг оруулж албан ёсоор тайлбар хийх боломжоор хангана гэдэгт итгэлтэй байсан.
Энэ хүрээнд би ЦЕГ-т гомдол гаргасан. 9.29-ний өдөр намайг онц ноцтой хүн амины хэрэгт гүтгэсэн. Энэ асуудлаар тайлбар мэдээлэл гаргаж өгөхийг хүсч холбогдсон.Хууль Зүй, Дотоод Хэргийн сайд Л.Мөнхбаатарт энэ асуудлыг яаравчилж хариу өгөөрэй гэж хандсан. Магадгүй үүнээс болж түүнийг сайдаас чөлөөлөх, магадгүй Д.Амарбаясгаланд ЦЕГ-аас хариу өгүүлэхгүйн тулд хуулийн байгууллагад улс төрийн дарамт үзүүлэхийн тул яаравчилсан байж мадагүй.
Өнөөдөр УИХ-ын Хууль Зүйн байнгын хорооны хурал зарлагдсаны хүчинд хариу ирлээ. Талийгаачид холбогдох хэрэгт хэрэг үүсгэхээс татгалзсан бичиг ирсэн байна. Энэ баримтад гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр хэрэг бүртгэлийн хэрэг нээхээс прокурор татгалзсан нь бий.
Нөгөөтэйгүүр энэ хэрэгтэй холбоотойгоор хуулийн байгууллагаас намайг дуудаж гэрчийн болон бусад хэлбэрээр дуудаж шалгаагүй. Намайг гүтгэгч этгээд "30 сая долларыг хилээр оруулсан. Тэр баримтыг оруулж ирсэн хүмүүсийг нухсан" гэж хэлсэн. Энэ хүний ёсонд байж болохгүй" гэх мэтээр ярьсан юм. Мэдээлэл хийх үеэрээ Д.Амарбаясгалан маш их сандарсан байдалтай байсан бөгөөд нас барсан хүнийг талийгаач болсон этгээд хэмээн дуудав. Мөн тэрээр хүн амины хэрэгт холбоогүй гэдгээ л яаран сандран ярьснаас бус Тавантолгойн Бор тээгийн ордын тендерийг авсан "Админерал" компанитай холбоотой эсэхээ тодорхой тайлбарлаагүй юм.
С.Сарнай
сонин.мн