Ховд аймгийн нутагт иргэд нуурын мөсөн дээгүүр зорчиж амь, эд хөрөнгөөрөө хохирох тохиолдол гарч байна. Өнгөрсөн онд энэ төрлийн гурван тохиолдол бүртгэгдэж, нэг хүний амь эрсэдсэн гэх мэдээлэл бий. Тэгвэл 2022 он эхэлснээр мөсөнд цөмөрсөн нэг тохиолдол шинээр бүртгэгдлээ.
Тодруулбал, “Дөргөн нуурын мөс цөмөрсний улмаас автомашин нууранд осолдсон гэх дуудлага мэдээлэл 2022 оны нэгдүгээр сарын 5-ны 03:00 цаг орчимд Ховд аймгийн Онцгой байдлын газарт иржээ. Ховд аймгийн Дөргөн сумын Сээр багийн нутаг дэвсгэр, “Шандас” гэдэг газар аймгийн төвөөс 120 км, сумын төвөөс 10 км зайд Баян-Өлгий аймгаас Завхан аймгийн чиглэлд зорчиж явсан гурван зорчигчтой “Land cruiser” маркийн автомашин мөс цөмөрсний улмаас 3-4 метрийн гүнд осолдсоныг онцгой байдлын 10 алба хаагч, нэг авто машинтайгаар 30 гаруй цаг ажиллаж, автомашиныг уснаас татан гаргаж эзэнд нь хүлээлгэн өгсөн байна. Энэ үeэр хүний амь эрсдээгүй аж”.
Ховд аймгийн нутаг дэвсгэр дэх томоохон гол, нуурын мөсний зузаан харилцан адилгүй мөсний даац хүн, мал, машин техник хэрэгсэл явахад аюулгүй хэмжээнд хүрч бэхжээгүй байгаа. Иймээс иргэд баталгаагүй замаар зорчихгүй, мөсөн дээгүүр явж зам товчлохгүй, тээвэр хийхгүй байхыг мэргэжлийн байгууллагууд онцгойлон анхаарууллаа.