Шүүхийн захиргааны ажилтнуудын санал солилцох уулзалтыг энэ сарын 4-ний өдөр Ховд аймагт зохион байгууллаа. Үүнд Ховд аймаг дахь шүүхийн Тамгын газрын шүүгчийн туслах, олон нийт хариуцсан мэргэжилтэн, бусад удирдах ажилтнуудын төлөөлөл оролцжээ.
Уулзалтын үeэр шүүхийн үйл ажиллагааны талаар мэдээлэл авах иргэдийн эрх болон эрх зүйн зохицуулалтын хэрэгжилтийн талаар хэлэлцэв. Мөн хэвлэлийн эрх чөлөөг шүүхийн үйл ажиллагаанд хэрэгжүүлэхэд анхаарах асуудал, эрүү, иргэн, захиргааны хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны онцлог, шүүхийн шатанд олны анхаарлыг татсан хэрэг маргааны тухай хэвлэл мэдээллийн хэрэгсэлд мэдээлэл өгөх журам, шүүхийн шийдвэрийн үндэслэлийг тайлбарлах, шүүх хуралдааныг сурвалжлах хүсэлт гаргасан тохиолдолд хэрхэн шийдвэрлэх зэрэг асуудлаар санал солилцсон аж.
Улмаар шүүхийн Тамгын газраас орон нутгийн сэтгүүлчдэд зориулан шүүхийн онцлогийн талаар сургалт хийх, мэдээлэл өгөх, иргэдэд шүүхийн талаар мэдээ, мэдээлэл хүргэх ажлын төлөвлөгөөг хэлэлцэн баталлаа.