Төв цэвэрлэх байгууламжийн хаягдал бохир усны шинжилгээг өнгөрсөн 12 дугаар сард Ховд аймгийн Ус, цаг уур, орчны шинжилгээний төвийн лабораторид хийв. Тус байгууллагын холбогдох мэргэжилтнүүд Ховд аймгийн төв, Жаргалант сумын цэвэрлэх байгууламжийн хаягдал бохир усны орох, гарах хоёр цэгээс усны сорьц авчээ. Хяналт-шинжилгээний дүнгээс үзэхэд цэвэрлэх байгууламжаас гарч байгаа хаягдал бохир ус 63.1 хувийн цэвэршилттэй байна.
Хаягдал бохир усны хяналт-шинжилгээг өнгөрсөн 11 дүгээр сард зохион байгуулахад цэвэрлэх байгууламжаас гарч байгаа хаягдал бохир ус 88 хувийн цэвэршилттэй байсан аж.
Мөн Ховд аймгийн Ус, цаг уур, орчны шинжилгээний төвийн Байгаль орчны хяналт-шинжилгээний лаборатори нь Үенч, Булган, Ховд, Буянт голын уснаас химийн сорьц авч, усны химийн найрлага, шинж чанарын 20 гаруй үзүүлэлтийг тодорхойлж, шинжилгээ хийжээ. Улмаар эдгээр голын ус бага эрдэсжилттэй байсан ба эрдэс азотын бохирдолгүй байна гэсэн шинжилгээний дүгнэлт гарсан байна.