Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн ОХУ-д хийсэн албан айлчлалын хүрээнд бүс нутгийн хөгжил, харилцаа хамтын ажиллагаа, худалдаа үйлдвэрлэл эдийн засаг цэргийн асуудлаар хамтарсан тунхаглалыг гаргаж, олон чиглэлээр хамтран ажиллахаар тохиролцоонд хүрчээ. Үүний дотор хөдөө аж ахуйн салбарын харилцаа, хамтын ажиллагаа хэрхэн өрнөх вэ гэдэг нь анхаарал татаж байна.
Сүүлийн жилүүдэд дэлхий дахинд бэлчээрийн малын махны амт чанарыг мэддэг, үнэлдэг болсон ч ОХУ манай улсаас мах авах, малыг хилээр хөлөөр нь гаргахаас татгалзах болсон. Энэ нь малын өвчлөл их байгаатай холбоотой байв. Энэ онд хоёр улсын дипломат харилцааны түүхт 100 жилийн ойг тэмдэглэх үеэр Монгол Улсын Ерөнхий сайд асан, гавьяат эдийн засагч Д.Содном илтгэлдээ “...Зарим улсад гахайн махнаас бэлчээрийн малын махыг гурав дахин өндөр үнээр борлуулж байна.Монгол Улс одоо бараг 70 сая малтай, бэлчээрийн даацаас хэтэрсэн малын тоог өсгөхгүй байхын тулд жилд зарлагадах малын тоог 20 саяас доошгүй байлгах шаардлагатай. Энэ үүднээс тооцвол таван сая гаруй малын махыг экспортод гаргаж байх боломжтой. Оросын бизнесменүүд дотор Монгол Улсад мал төхөөрөх, мах боловсруулах орчин үеийн үйлдвэр нэмж байгуулахад хөрөнгө оруулах сонирхолтой нөхөд байж болох” хэмээн тэмдэглэсэн юм.
Тэгвэл Ерөнхийлөгчийн айлчлалын дүнд манай улс хойд хөрштэй “Монгол мал-III” хөтөлбөр хэрэгжүүлж малаа эрүүлжүүлэх, вакцинжуулах чиглэлээр хамтын ажиллагааг үргэлжлүүлэхээр болжээ.
Эх сурвалж: www.polit.mn