Тус аймагт өнөөдрийн байдлаар 240 гаруй хос гэрлэлтээ батлуулж, найман иргэн гэрлэлтээ цуцлуулжээ. Харин 2020 онд 315 хос гэрлэлтээ бүртгүүлж, 28 хос гэрлэлтээ цуцлуулсан байна.
Өмнөх оноос гэрлэлт 20.4 хувиар буурч, гэрлэлт цуцлалт 3.7 хувиар буурсан байна. Ихэнх улс орнуудад гэрлэлтийн байдлыг 15 ба түүнээс дээш насны хүн амын хувьд авч үздэг. Харин Монгол улсын Гэр бүлийн тухай хуульд гэр бүл болох насыг 18 гэж заасан байдаг учир гэрлэлтийн үзүүлэлтүүдийг 18 ба түүнээс дээш насныхны хувьд тооцож үздэг гэж аймгийн Статистикийн хэлтсээс мэдээлэв.
Харин Завхан аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхэд гэрлэлт цуцлуулах нэхэмжлэл 21 ирсэн байна.
Үүнээс тав нь эвлэрсэн. Гэрлэлт цуцлуулсан найм, гэрлэгчдэд эвлэрүүлэх арга хэмжээ авч, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлсэн зургаа, одоо үлдэгдэл хоёр гэрлэлт цуцлуулах хэрэг байна. Шүүх дэх эвлэрүүлэн зуучлах ажиллагаанд өнөөдрийн байдлаар нийтдээ 14 гэр бүлийн эрх зүйн маргаан ирсэн. Үүнээс хоёр нь амжилттай эвлэрсэн. Харин амжилтгүй хоёр, татгалзсан гурав, өргөдөл гаргагч хүсэлтээрээ өргөдлөө татан авсан нэг, үлдэгдэл хоёр өргөдөл ажиллагаанд байна. Нийт шийдвэрлэсэн хэргийн дотор гэр бүлийн харилцаанаас үүссэн маргаантай хэргийн эзэлж байгаа хувь хэмжээ их байгаа. Шүүхийн мэдээ, тайлангаас үзэхэд гэр бүлийн бат тогтвортой байдал алдагдаж, гэрлэлт цуцлах, үүнээс үүдэн хагас өнчин хүүхдийн тоо өссөн байдаг. Ийнхүү гэр бүл салах, үр хүүхдээ өнчрүүлэхэд нийгмийн болон гэрлэгчдийн өөрсдийн хувийн байдал нөлөөлдөг. Энэ байдалд шүүх анхааралтай хандаж, гэрлэгчдийг эвлэрүүлэх арга хэмжээг нэн тэргүүнд хэрэгжүүлдэг гэж аймгийн Шүүхийн тамгын газраас нэмж мэдээлэв.