Сэлэнгэ аймгийн Засаг дарга Ш.Оргил эрүүл мэндийн шалтгаанаар албан тушаалаа өгөхөөр болсон. Үүнтэй зэрэгцэн түүний орыг хэн залгах вэ гэдэг “марафон” Сэлэнгэ аймаг болон МАН-ын хороогоор нь хурдтай өрнөж байна. Сэлэнгийн иргэд аймагтаа авхаалжтай ажилласан Засаг даргаа УИХ-ын гишүүнээр дэвшүүлэн сонгодог цөөн аймгийн нэг. Тиймээс ч одоогийн Засаг дарга болох хүнд УИХ-ын гишүүн болох дараагийн албан тушаал нь хорхойг нь хүргэж буй нь гарцаагүй.
Харин энэ удаагийн сонголт, томилгоог УИХ-ын гишүүн асан Н.Оюундарь тойрохгүй, бүр анаад хүлээж байгаа гэнэ.
Мань хүний хувьд өмнөх парламентад сэлэнгэчүүдийг төлөөлөн дөрвөн жилийг үдсэн. Харамсалтай нь эргэн сонгогдох болзол байтугай МАН-ын нэр хүндийг шавартай нь хутгаж, ЖДҮХС-гаас зээл авсан гишүүдийг тэргүүлж байсан учраас нам нь түүнд 2020 онд нэр дэвших эрх өгөөгүй.
Тодруулбал, Н.Оюундарийн хүүгийн Рэд Стар Клуб ХХК нь тухайн үед ЖДҮХС-гаас 800 сая төгрөгийн зээл авсан байдаг.
Н.Оюундарь “П.Сэргэлэн сайдын үед шалгуурыг нь хангаад, манай хүүгийн компани зээл авахаар болсон. Тухайн үедээ төсөв хүрэлцэхгүй байсан учраа авч чадаагүй. Тэр нь 2016 он байсан байх аа. Тэгээд Б.Батзориг сайдын үед авсан. Би зээл авахад нөлөөлөөгүй. Надаас ЖДҮ-ийг дэмжих сангийн зээл гэж бага хүүтэй зээл байдаг юм байна. Энэ зээлийн хөтөлбөрт хамрагдъя гэж асууж байсан. Бүх шалгуурыг нь хангаад, ном журмынх нь дагуу л авсан. ЖДҮ-ийг дэмжих сан байна уу, бусад зээлд мэдээлэл сайтай хүн л хамрагдах магадлал өндөртэй байдаг.
Миний хүү Сэлэнгэ аймагт фермерийн аж ахуй байгуулахаар зээл авсан. Сэлэнгийн ард иргэдтэй хамтраад ажиллаж байгаа. Ийм л жижиг бизнес эрхлэхээр зээл авсан. Зээлийн төлөлт нь тэр аж ахуйн нэгжийн л асуудал” хэмээн тайлбарлаж байсан.
Гэтэл ердөө ганц сар ч өнгөрөөгүй байхад дээрх компани зээлээ бүрэн барагдуулсан хэмээн мэдэгдэж байсан билээ. Тэгэхээр УИХ-ын гишүүн ээжийн буянаар авсан зээл нь олон нийтэд ил болмогц буцаан төлсөн гэдэг нь тодорхой болж байгаа биш гэж үү.
Тиймээс ч тухайн үед МАН-ын дарга байсан У.Хүрэлсүх ЖДҮ зэрэг асуудалд хутгалдсан хүмүүсээ УИХ-д нэр дэвшүүлэхгүй гэсэн үгэндээ хүрч Н.Оюундарийг “жийсэн”.
Харин энэ удаа тэр эргэж улстөрд орохын тулд Сэлэнгэ аймгийн Засаг даргын суудалд сэмхэн буюу хотоос “томилогдон” очихоор зэхэж байгаад нь орон нутаг дахь МАН-ынхан ихэд дургүй байгаа ажээ.
https://erennews.mn/article/50946