Цагаанхайрхан сумын иргэн А.Отгонбаяр тахиа, бөдөн шувууны аж ахуй эрхэлж, сумынхаа өндөгний хэрэгцээг хангаж байна.
“Би 2021 онд Сум хөгжүүлэх сангаас шинээр ажлын байр бий болгох зорилгоор зээл авч тахиа, бөдөн шувууны аж ахуй эрхэлж байна. Миний зорилго бол сумынхаа ард иргэд болон сургууль, цэцэрлэгийг өндгөөр хангах явдал юм.
Бөдөн шувууны өндөг нь дархлааг тэнцвэржүүлэн, хоол хүнс болон хүрээлэн буй орчноор дамжин биед шингэх химийн хорт бодисуудыг устгах чадалтай. Бөдөн шувууны өндгийг түүхийгээр нь хүртэл хэрэглэж болдог. Ер нь бол хүүхдийн эрүүл мэндэд бөдөн шувууны өндөг нэн хэрэгцээтэй амин дэм юм.
Бөдөн шувууны жижигхэн хэмжээтэй нэг ширхэг өндөгт тахианы өндөгнийхөөс 5 дахин их фосфор, кали, төмөр агуулагддагаас гадна кобальт, никотиний хүчил, аминохүчил байдаг гэдгийг судлаачид тогтоосон. Иймээс ард иргэд та бүхэн манай аж ахуйтай хамтран ажиллаж, бөдөн шувууны өндгийг хэрэглэж хэвшээрэй гэж уриалах байна” хэмээн Цагаанхайрхан сумын иргэн А.Отгонбаяр хэллээ.