Амьсгал дэмжих 10 ширхэг аппаратыг аймгийн Онцгой комисс болон Эрүүл мэндийн газарт хүлээлгэн өглөө. "Амьсгал тэтгэгч" ТББ-аас "Нэг аппарат-нэг амь" гэсэн аяны хүрээнд ийнхүү Өмнөговь аймагт коронавирусний халдвартай иргэдэд зориулан өгч байгаа юм. "Амьсгал тэтгэгч" ТББ-ын тэргүүн Г.Гантулга "Үндэсний хэмжээнд бид энэ аяныг зохион байгуулж байгаа. Өмнөговь аймгийн Засаг дарга Р.Сэддоржийн хүсэлтээр бид тус аймагт 10 аппарат шийдвэрлэн хүлээлгэж өгч байна. Уг аппаратуудыг УИХ-ын гишүүн Д.Бат-Эрдэнэ хандивлаж байгаа юм" гэлээ. Нийт 78 сая төгрөгийн өртөг бүхий тус амьсгал дэмжих аппаратыг БОЭТ-д 5, Гурвантэс, Цогтцэций, Манлай, Булган, Ханбогд сумын эмнэлгүүдэд тус тус нэг нэгийг хуваарилахаар төлөвлөж байна.
Өмнөговь аймгийн Эрүүл мэндийн газрын дарга Г.Шижиртуяа "Цар тахалтай энэ хүнд үед хэрэгцээтэй байгаа зүйлээр тусалж байгаад маш их баяртай байна. Халдвартай 654 иргэн эмчлүүлж байгаагийн 454 нь эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа. Бусад нь сум болон ӨЭМТ-ийн хяналтанд гэрээр эмчлүүлж байна. Үүнээс нэн хүнд 65 иргэн байна, өчигдөр нэг иргэн нас барсан" гэлээ.