Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг Сангийн сайд Б.Жавхлан танилцууллаа. Тэрбээр “Төрийн болон Хөгжлийн банкны хөгжлийн концепц чиг үүргийг нэмэлтээр эрчимжүүлэх танилцуулгыг хийлээ. Товчхон дурдвал, Төрийн банкийг нийгмийн дундаж давхаргад үйлчлэх бага орлоготой хэсгийг бойжуулж тэдгээрт шаардлагатай санхүүгийн үйлчилгээг үзүүлэх банк болгоно. Ингэснээр Төрийн банкнаас үзүүлж байгаа үйлчилгээний цар хүрээ илүү тэлнэ. Төрөөс Төрийн банктай хамтарч ажиллана. Харин Хөгжлийн банкыг цаашид экспорт, импортын чиг баримжаатайгаар түлхүү хөгжүүлнэ. Учир нь Монгол Улсад худалдааны санхүүжилт дутагдалтай байна. Ингэхдээ Хөгжлийн банкны тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулахгүй. Гэхдээ банкны дүрэмд нэмэлт өөрчлөлт оруулна. Энэ оны нэгдүгээр сараас хойш Хөгжлийн банк нэг ч зээл олгоогүй. Тус банкны нийт зээлийн үлдэгдэл гурван их наяд төгрөг байгаагаас нэг их наяд төгрөг нь чанаргүй зээл. Иймд шинэ зээл өгөх чадамжгүй. Банк татан буугдах хэмжээнд хүрч болзошгүй учраас Монголбанк тус банкинд хяналт шалгалт хийж байна. Төсвөөс томоохон зээлийг санхүүжүүлэх боломжгүй тул Хөгжлийн банкийг байгуулсан. Одоогийн балансаар тус банк үйл ажиллагаа явуулах боломжгүй гэсэн үг. Ойрын хугацаанд бүтцийн өөрчлөлт хийнэ. Чанаргүй зээлээ хурдан эргэн төлүүлэхэд илүүтэй анхаарна" гэлээ.
Эх сурвалж:www.polit.mn