Баян-Өлгий аймгийн Онцгой байдлын газар, Цагдаагийн газар хамтран энэ сарын 1-нээс эхлэн Өлгий сумын нутаг дэвсгэрт Ховд голын дагуу, мөн Толбо нуурын эрэгт завь, морь, мотоциклоор эргүүл хийж байгаа.
Эргүүлийн үеэр Толбо нуурт усанд осолдсон 5 хүний, мөн Цэнгэл сумын Бага Түргэний хүрхрээнд эрэн хайх ажил явуулж байхдаа 3 хүний амь насыг тус тус аварсан байна.
Түүнчлэн он гарснаас хойш аймгийн Онцгой байдлын газарт усны осолтой холбоотой 5 дуудлага иржээ. Түүнчлэн 10 иргэн амь насаа алдсан байна. Амь насаа алдсан хүмүүсийн 5 нь Толбо сумын, 2 нь Буянт сумын, 2 нь Өлгий сумын, 1 нь Цэнгэл сумын иргэн аж.
Усны осол гарахад иргэдийн анхаарал, болгоомжгүй байдал нөлөөлж байгааг албаны хүмүүс хэлж байна.