Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

Ц.Жавхланбаатар: Замын-Үүдээс эрээнд 100 жолооч ажиллуулвал ачаа тээврийн эргэлт нэмэгдэнэ



Засгийн газраас Дорноговь аймгийн Замын-Үүд сум болон тус боомтод үүсээд буй хилээр нэвтрүүлэх ачаа тээврийн тулгамдсан асуудал, төрийн байгууллага болон ААН-ийн үйл ажиллагааг уялдуулан зохицуулах үүрэгтэй ажлын хэсгийг томилсон. Энэ асуудлаар Зам-Үүд сум дахь Бүрэн эрхт төлөөлөгч, ЗХЖШ-ын нэгдүгээр орлогч дарга Ц.Жавхланбаатараас тодрууллаа. 
 
-Ажлын хэсэг Замын-Үүдэд очоод сар болох гэж байна. Энэ хугацаанд юу амжуулсан бэ? 
-Замын-Үүд сумын онцгой комиссын шийдвэрээр энэ сарын 10-наас арав хоногийн хугацаатай хэсэгчилсэн хөл хорио тогтоож “Нэг өрх-Нэг шинжилгээ” аян зохион байгуулсан. Ялангуяа, хувиараа хөдөлмөр эрхэлдэг иргэдийг шинжилгээнд бүрэн хамруулж, эрсдэл хүндрэлээс урьдчилан сэргийлэх арга хэмжээг авч хэрэгжүүлсэн нь сумыг “Ногоон” болгох ажлын нэг алхам болсон гэж үзэж байна.
МХЕГ-аас томилогдсон ажлын хэсэг Замын-Үүд боомтод автомашины халдваргүйтгэлийн байгууламжийг шинээр барьж байна. БНХАУ-ын Шаньдун мужаас олон үйлдэлт, дөрвөн удаагийн давтамжтайгаар халдваргүйтгэх тоног төхөөрөмжийн захиалгыг хийж үйлдвэрлэлд оруулсан. Үйлдвэрлэгчээс долдугаар сарын 19, 26-нд тоног төхөөрөмжийг Эрээн боомт руу тээвэрлэхээр зохицуулалт хийсэн байгаа. Эхний ээлжийн төхөөрөмжийг хуваарийн дагуу БНХАУ-ын Эрээн боомтоос хүлээн авч Замын-Үүд боомтын экспортын чиглэлд суурилуулах ажлыг энэ сарын 24-нөөс туршилтын журмаар ажиллуулж эхлээд байна. Уг төхөөрөмж ачаатай болон хоосон тээврийн хэрэгслийг ариутгах олон улсын стандартад нийцсэн автомат хаалга юм. Ямар ч улиралд ажиллах боломжтой.
 Нэг тонн ариутгалын бодисоор 400 автомашиныг ариутгах хүчин чадалтай, цогцолборыг бүрэн барьж дуусахад 30 хоногийн хугацаа шаардлагатай байгаа. Импортын чиглэлд угсрах төхөөрөмжийг өчигдрөөс /уржигдараас/ БНХАУ-ын Эрээн боомтоос татан авч ариутгалын төхөөрөмжийн хэсгийг ажлын дөрвөн өдөрт угсарч бэлэн болгохоор төлөвлөөд байна.   
-Хилээр нэвтрэх автомашинуудын гацаа юу болсон бэ. Хэзээнээс хэвийн болох вэ? 
-Холбогдох байгууллагуудтай хамтарч ажиллаж байна. Замын-Үүд сумын нутаг дэвсгэрт ачааны автомашины бөөгнөрөлийг багасгах, жолооч нарыг халдвар хамгааллын дэглэм сахиулах, автомашинд техник үйлчилгээ хийх боломжийг хангах үүднээс хилээр нэвтрэх автомашинуудад дугаар олгож, хил нэвтрэхээс 72 цагийн өмнө жолооч нарт мэдэгдэж байхаар нэгдсэн бүртгэлийн системийн арга хэмжээг авч хэрэгжүүлж эхлээд байна. Мөн БНХАУ-ын Эрээн боомтын хилийн бүсэд ажиллах 100 жолоочийг сонгон, холбогдох бичиг баримтыг бүрдүүлэн, халдвар хамгааллын дэглэмийг  сахиулж, жолооч нэг бүрийн биеийн байдлыг хянах хуудас гарган, долоо хоногт хоёр удаа ПГУ-ын шинжилгээ авч, тусгаарлалтын арга хэмжээг авч байна.
Энэ сарын 2-25-ны байдлаар Авто замын боомтын хяналт шалгалтын бүсэд ачаагүй 594, боомтын гадна талд ачаатай 86, ачаагүй 1212, нийт 1892 ачааны автомашин дараалалд зогсож байна.
Ажлын хэсгийн бүрэлдэхүүн болон БНХАУ-ын Эрээн хотын удирдлага, Монгол Улсаас БНХАУ-ын Эрээн хот дахь Консулын газрын холбогдох албан тушаалтнуудын, хоёр улсын боомтын захиргааны хамтын ажиллагааны хүрээнд экспортын ачаа, бараа бүтээгдэхүүний халдваргүйжүүлэлтийг стандартын дагуу хийж гүйцэтгэж байгаа баримт нотолгоо, БНХАУ-д хүлээн авагч нь тодорхой болсон тохиолдолд хилээр нэвтрүүлэхээр харилцан тохирлоо. Замын-Үүд хилийн боомтын гарах чиглэлд өдөрт 110 автомашин гаргаж байгаа. Үүнээс ачаагүй 100, нүүрстэй 10 автомашин гарч байна. Орох чиглэлд ачаатай 100, импортын 50-60 автомашиныг өдөр бүр нэвтрүүлж байна.
 
-Цаашдын гарц шийдлийг хэрхэн харж байна вэ. Боомтоор нэвтрэх хөдөлгөөнийг хэрхэн шуурхай болгох вэ? 
-Замын-Үүд суманд тусгаарлагдан дундын бүсэд ажиллаж байгаа 100 жолоочийг Гадаад харилцааны яамаар уламжлан Эрээн боомтын хилийн бүсэд ажиллуулвал ачаа тээврийн эргэлтийг нэмэгдүүлэх боломжтой болно. Одоогоор Эрээн хотын ачаа барааны төвд ачаатай автомашины бөөгнөрөл байхгүй болж Монгол талаас гарч байгаа автомашинууд тухайн өдөртөө Эрээний талд ачаандаа орж дараагийн өдөр хилээр гарч ирж байна. Ачаа тээврийн эргэлтийг сайжруулахын тулд авч хэрэгжүүлсэн бас нэг арга хэмжээ бол төмөр замын ачаа тээвэрлэлтийг  нэмэгдүүлэх тал дээр хоёр тал хамтран ажиллаж байна.
Уг ажлын хүрээнд энэ сарын 1-25-ны хооронд өргөн царигаар  16 мянга гаруй вагон буюу 967 мянган тонн ачааг БНХАУ-д хүлээлгэн өгч, тус улсаас нарийн царигаар найман мянган вагон буюу 140 мянга гаруй тонн ачааг, өргөн царигаар 213 вагон буюу долоон мянга гаруй тонн ачааг хүлээн аваад байна. Мөн БНХАУ-ын Хөх хотын төмөр замтай “УБТЗ” ХНН-ээс  яриа хэлэлцээрийг шат дараатай хийсний дүнд Тянжин боомтод гацсан чингэлгийг 51 галт тэргээр зөөж 2261 чингэлгийг төмөр замаар тээвэрлэн хүлээн авагчдад хүргээд байна. Замын-Үүд шилжүүлэн ачих ангид дээрх хугацаанд вагоноос вагонд таван мянга гаруй галт тэрэг буюу 128 мянган тонн ачааг, автомашинаас вагонд 836 вагон буюу 35 мянган тонн ачааг, нийт зургаан мянган вагон буюу 156 мянга гаруй тонн ачааг шилжүүлэн ачаад байна. Үүнээс Зэвсэгт хүчний 336 дугаар ангиас томилогдсон бүрэлдэхүүн 265 вагон буюу долоон мянга гаруй тонн ачааг шилжүүлэн ачсан байна.
 
 
Г.Мичидмаа
Эх сурвалж:“Зууны мэдээ” сонин
скачать dle 12.0

Next Post

Шинэ мэдээ