Өвөрхангай аймгийн Баян-Өндөр сумын Бумбат багийн “Хадан хушуу” гэдэг газар өчигдөр буюу долдугаар сарын 4-ны өдөр хоёр иргэн аянганд цохиулж нас баржээ. Тодруулбал, Долдугаар сарын 4-ны 17:30 цагийн орчим дөрвөн мотоциклтой, долоон иргэн Баян-Өндөр сумаас шатахуун аваад Зүлэгт багийн “Цам” гэдэг газрын чиглэлд гэрлүүгээ буцаж яваад 2 хүн нь аянгад цохиулж нас барсан тухай мэдээллийг мөн өдрийн 19:11 цагт хүлээн авсан байна. Мэдээллийн дагуу тус сумын Засаг даргын Тамгын газрын ажилтнууд 19:17 цагт тухайн газарт очиход тус сумын харьяат 21 настай малчин Г, Ч нар аянгад цохиулж нас барсан байсан аж. Цогцсыг тус сумын Цагдаагийн хэсгийн мөрдөгчид шилжүүлэн өгсөн тухай мэдээллийг тус сумын Засаг даргын Тамгын газрын дарга аймгийн Онцгой байдлын газарт мэдэгджээ.