Ховд аймгийн Эрдэнэбүрэн сумын Хонгио багийн малчин Ч.Төртүвшин 14 наснаас эхлэн өвөө,эмээтэйгээ мал маллаж байжээ. Улмаар 2002 онд гэргий Б.Мягмарсүрэнтэй өрх тусгаарлахдаа 150 толгой малтай гэр бүл болж байв. Ч.Төртүвшиний гэр бүл 2003 оноос эхлэн Эрдэнэбүрэн сумын Хонгио багт суурьшиж, малаа сүргээ таван төрлөөр өсгөж буй.
Тус малчных 2015 онд “Сумын аварга малчин”-аар шалгарч байсан бол 2020 онд “Аймгийн аварга малчинөрх”-өөр шалгарч, саяхан шагналаа гардан авлаа. Аймгийн аварга малчин Ч.Төртүвшин, Б.Мягмарсүрэн нар малынхаа үүлдэр угсааг сайжруулахын тулд Дорнод, Увс, Сэлэнгэ аймгаас хуц, азарга, бух авч, мал сүрэгтээ нийлүүлж байна.
Ийнхүү эцэг малыг өөр аймаг, сумдын малаар сольсноор малын ашиг шим илүү нэмэгддэг гэж малчин Ч.Төртүвшин хэллээ. Мөн залуу малчдад мал маллах арга ухааныг сургаж, 3-4 айлыг малжуулж байна.
Түүний гэргий Б.Мягмарсүрэн хэлэхдээ: Миний аав бол Монгол Улсын аварга малчин П.Батжаргал. Би гэр бүлийн гишүүдийн хамтаар малаа маллаж, эцэг эхийнхээ туршлага, амжилт ололтыг бататгаж, “Улсын аварга малчин өрх” болохын төлөө хичээн ажиллана гэлээ.
Малчин Ч.Төртүвшин, гэргий Б.Мягмарсүрэн нар одоо Эрдэнэбүрэн сумын сургуулийн дотуур байрны хүнсний хэрэгцээнд мах, сүү нийлүүлж буй.