Аймгийн ЗДТГ-ын дарга бөгөөд Сонгуулийн хорооны дарга Г.Болор-Эрдэнээс Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийг зохион байгуулах бэлтгэл ажлын талаар тодрууллаа.
-Сонгуулийн санал авах бэлтгэл ажил хэр хангагдсан бэ?
-Увс аймгийн хэмжээнд 92 хэсгийн хороогоор дамжуулж Ерөнхийлөгчийн сонгуулийн санал авах бэлтгэл ажлыг хангалаа. Хуулийн дагуу 6 дугаар сарын 7-ны өдрөөр нэр дэвшигчдийн сонгуулийн сурталчилгааны ажил дуусгавар болж байна. 6 дугаар сарын 8-нд зөөврийн хайрцгаар санал авна. Аймгийн хэмжээнд 1000 гаруй иргэн зөөврийн хайрцгаар саналаа өгнө. Сонгуулийн бэлтгэл ажлын хүрээнд энэ сарын 7-нд сумдын сонгуулийн хорооны дарга нартай цахим хурал хийлээ. Мөн Сонгуулийн Ерөнхий хорооноос аймгуудын сонгуулийн хороотой цахим хурал хийж, нэгдсэн аргазүйгээр хангасан ба нэг ёсондоо аймаг, сумын хэсгийн хороодын санал авах бэлэн байдал хангагдсан.
-Зөөврийн санал хураалтыг хэрхэн зохион байгуулах вэ?
-Цар тахалтай холбоотой 2021 оны 5-р сарын 19-ний өдөр Түр журам батлах тухай Засгийн газрын 152 тоот тогтоол гарсан. Урьдчилан сэргийлэх түр журмын 1 дүгээр хавсралтад сонгуулийг хэрхэн зохион байгуулах, халдвар хамгааллын дэглэмийг баримтлах, хэсгийн хороодыг хэрхэн ажиллуулах, зөөврийн хайрцгаар урьдчилсан санал хураалтыг яаж авах тухай бүх заавар журмыг зааж өгсөн байгаа. Энэ удаагийн Ерөнхийлөгчийн сонгуулиар Увс аймгийн 1000 гаруй иргэн зөөврийн хайрцгаар саналаа өгнө. Эдгээр иргэдийн ихэнх нь гэрийн тусгаарлалт болон тусгаарлах байранд байгаа. Мөн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа иргэд бий. Тухайн иргэдээс зөөврийн хайрцгаар санал авахдаа дээр хэлсэнчлэн халдвар хамгааллын дэглэмийг хатуу баримталж, санал авах бэлтгэлээ хангасан. Иймд иргэд хариуцлагатай байж, үүргээ биелүүлэн сонгуулиа өгөх хэрэгтэй.
-Иргэдэд хандаж та юу хэлэх вэ?
-Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн санал хураалт зургаадугаар сарын 9-ний өдөр орон даяар болно. Энэ өдөр иргэн бүр харьяа хэсэгтээ очиж саналаа өгнө. Санал авах байршлуудын хувьд орон нутгийн сонгуулиар байгуулсан 92 хэсгийн хороод хуучин байршлаараа байгаа. Санал авах ажиллагаа Улаанбаатар хотын цагаар 7.00-22.00 цаг хүртэл, орон нутгийн цагаар 6.00-21.00 цагийн хооронд явагдана. Иймд иргэн бүр амны хаалт зүүсэн байх, хүн хоорондын зай 1.5 метрээс доошгүй байх, биеэр хүрэлцэхгүй, гар барихгүй байх зэргээр халдвар хамгааллын дэглэмийг сахиж, сонгуульдаа идэвхтэй оролцохыг уриалах байна.