Малчид нэг кг ноолуурыг газар дээрээс нь 110-120 мянган төгрөгөөр борлуулж байна. Ноолуурын үнэ ханш жил бүр харилцан адилгүй байдаг. Өнгөрсөн жилийн өдийд Увс аймагт ноолуурын ханш кг нь 45-55 мянган төгрөгийн хооронд хэлбэлзэж, дорвитой нэмэгдээгүй. Харин энэ жил ноолуур кг нь 110-120 мянган төгрөгийн үнэтэй байгааг ченжүүд хэлж байна.
Засгийн газраас өнгөрсөн жил кг ноолуурыг 105 мянган төгрөгөөр авна гэж амласан ч энэ дүндээ хүрээгүй. Үүнтэй холбоотойгоор зарим малчид ноолуураа жилийн турш даржээ. Ямартай ч ноолуурын үнэ ханш хоёр дахин нэмэгдсэн энэ үед малчид бүтэн жил дарсан ноолуураа боломжийн үнээр өгч байгаагаас гадна шинэ самнасан ноолуураа тухай бүрд нь өгч байна. Ноолуурын үнэ ханш анх гарсан үнээрээ тогтвортой байдаггүй тул малчид ханш нэмэгдэхээс илүүтэй буухад санаа зовнидог аж.
Ноолуурын ченж Ц.Тунгалаг хэлэхдээ:
-"Би сүүлийн 20 жил тасралтгүй арьс, шир, ноолуурын ченжээр ажиллаж байна. Ноолуурын үнэ энэ жил кг нь 110-120 мянган төгрөгийн үнэтэй байгаа нь өмнөх жилээс эрс нэмэгдсэн үзүүлэлт юм. Малчид маань ч сэтгэл өндөр байгаа. Бүтэн жил дарсан хуучин ноолуур одоогоор их нийлүүлж байна. Үнэ ханшийн хувьд зэргэлдээ аймгуудтай манайх үнийн зөрүү хол гарахгүй байх. Манай аймгийн ноолуурын хувьд урд аймгуудыг бодоход хялгас, шороо ихтэй байгаа юм шиг санагддаг. Малчид маань самнахдаа цэвэрхэн самнадаггүй, ус хийгээд байдаг. Гэхдээ энэ жил ноолуурын чанар, гарц сайн байна" гэлээ.