Тус аймагт дөрөвдүгээр сард нийт нутгаар ахиухан хэмжээний цас орж цасан бүрхүүл тогтсоноос малын бэлчээрлэлт саатсан байна гэж аймгийн Ус цаг уур орчин шинжилгээний газраас мэдээлэв.
-“Бэлчээрийн ургамлын цухуйлтын үе шат үргэлжилж байгаа боловч дөрөвдүгээр сарын 22-26-ны өдрүүдэд нийт нутгаар ахиухан хэмжээний цас орсны улмаас цасан бүрхүүл тогтож, ажиглалт хийх боломжгүй байлаа. Цасан бүрхүүл тогтоогүй сумдын ургамлын дундаж өндөр 1-2см байна. Нийт нутгаар бод мал төллөх, ямаа самнах ажил явагдаж байна. Зарим нутгаар ахиухан хэмжээний цас орсны улмаас цасан бүрхүүл тогтсоноос 10-26 см цастай байснаас шалтгаалж Нөмрөг, Отгон, Цагаанхайрхан, Цагаанчулуут, Шилүүстэй сумдын нутгаар малын бэлчээрлэлт саатсан. Ямаа самнах ажил хойшилсон зэрэг хүндрэл гарсан байна. Цаг агаарын нөхцөл байдлаас болж мал ихээр хорогджээ. Аймгийн хэмжээнд нийт 21341 толгой мал хорогдсон байна. Үүнээс хамгийн их нь Шилүүстэй суманд 7025, Цагаанчулуутад 6040, Алдархаанд 2108, Отгон суманд 1765 толгой мал тус тус хорогдсон байна” гэв.