Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

​АН-тай гэрээ байгуулсан АНУ-ын лобби фирм Мьянмарын армид 348 мянган доллараар зөвлөх үйлчилгээ үзүүлж байжээ


Ц.Тувааны Ардчилсан нам АНУ-ын “DCI Group” гэх лобби фирмтэй 2021 оны зургадугаар сарын 15-ныг хүртэл 50 мянган ам.долларын зөвлөх үйлчилгээ, 100 мянган ам.долларын медиа үйлчилгээ авах гэрээ байгуулсан мэдээлэл цацагдсан. АНУ-ын лобби фирмүүдийн олон улс дахь үйл ажиллагааг мэдээлдэг "Foreignlobby" вебсайтын мэдээлснээр “DCI Group” нь АН-тай 2021 оны Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийг угтан Х.Баттулгын сонгуулийн кампанит ажлыг сурталчлахаар гэрээ байгуулсан гэж мэдээлжээ.  Гэрээтэй бүрэн эхээр танилцах. 

Тэгвэл АНУ-ын “DCI Group” фирм нь АНУ-ын нийслэл Вашингтон Д.С. хотноо төвтэй, компани болон улс төрийн намуудад олон нийттэй харилцах, бизнес, “PR”-ийн зөвлөх үйлчилгээ үзүүлдэг лобби фирм аж. Тус компани нь 1996 онд үүсгэн байгуулагдсан бөгөөд “Microsoft”, “Boeing”, “General Motors” болон “AT&T” зэрэг томоохон корпорацуудад олон нийттэй харилцах зөвлөх үйлчилгээ үзүүлдэг байна. Харин улс төрийн хүрээнд АНУ-ын 43 дахь Ерөнхийлөгч асан Жорж Бушийн 2000 болон 2004 оны Ерөнхийлөгчийн сонгуулийн кампанит ажилд оролцож, хоёр удаа ялалт байгуулахад нь хувь нэмэр оруулж байжээ. Үндсэндээ “DCI Group” нь АНУ-ын Бүгд найрамдах намын сонгуульт ажлууд болон улс төрийн кампанит ажлуудад идэвхтэй оролцдог аж. АНУ-ын “ABC News” телевиз тус компанийг “Бүгд найрамдах намын олон нийттэй харилцах асуудал хариуцсан алба, фирм” гэж тодорхойлсон байна.

Хамгийн сүүлд “DCI Group” АНУ-ын 2020 оны Ерөнхийлөгчийн сонгуульд Ардчилсан намын нэр дэвшигч Жой Байденд 14,112 ам.доллар, Бүгд найрамдах намын нэр дэвшигч Доналд Трампт 9,580 ам.долларын зөвлөх үйлчилгээ үзүүлж байжээ. "Opensecrets.org"-ийн нээлттэй өгөгдлийн санд байршуулсан "DCI Group"-ийн мэдээлэлтэй танилцах.Тэд 2002 онд өнөөдөр цэргийн эргэлтээр төрийн эрхийг булаан авч, ардчилсан эрх баригчдаа барьж, хориод буй Мьянмарын армид зөвлөх үйлчилгээ үзүүлэх байдлаар олон улсын үйл ажиллагаагаа эхлүүлж байжээ. АНУ-ын “The Atlantic” болон “Newsweek” сэтгүүлүүдийн мэдээлснээр “DCI Group” нь 2003 оныг хүртэл найман сарын хугацаанд Мьянмарын армид зөвлөх үйлчилгээ үзүүлснийхээ төлбөрт 348 мянган ам.долларын төлбөр авч байсан аж. Улмаар тус компани энэхүү үйл ажиллагаанаас улбаатай шүүмжлэлүүдээс болж АНУ-ын 2008 оны Ерөнхийлөгчийн сонгуульд Бүгд найрамдах намаас нэр дэвшин өрсөлдсөн Жон Маккейны кампанит ажлын бүрэлдэхүүнээс нэрээ татаж байсан түүхтэй аж.
Мөн 2006 онд “The Wall Street Journal” сонин АНУ-ын 45 дахь дэд Ерөнхийлөгч Аль Горын дэлхийн цаг уурын өөрчлөлтийн эсрэг “An Inconvenient Truth” баримтат киног гутаах зорилгоор “YouTube”-д цацагдаж, нэлээдгүй шуугиан тарьж байсан “Аль Горын оцон шувуунуудын арми” гэх хоёр минут үргэлжлэх видеог “DCI Group” АНУ-ын үндэстэн дамнасан газрын тос, байгалийн хий экспортлогч “ExxonMobil” корпорацын захиалгаар хийж гүйцэтгэсэн талаар мэдээлж байжээ.
Түүнчлэн “DCI Group” нь олон нийттэй харилцах зөвлөх үйлчилгээ үзүүлэхээс гадна “DCI Digital” багаараа дамжуулан үйлчлүүлэгчиддээ цахим нийгмийн сүлжээний хүрээнд судалгаа хийж өгдөг байна. Тус фирм 2011 оноос эхлэн “Facebook”, “Twitter” зэрэг сошиал сүлжээний хэрэглэгчдийн хэрэглээ, хандалтыг муж, улсуудаар харьцуулан судалж, тайлан гаргадаг болсон нь анхаарал татаж байгаа юм. Учир нь АНУ-ын 2016 оны Ерөнхийлөгчийн сонгуулийн дараа Доналд Трампын кампанит ажлын баг Их Британийн “Cambridge Analytica” фирмийг хөлсөлж, нийгмийн сүлжээнд хуурамч мэдээлэл тараах үйл ажиллагаа явуулсан үйлдэл нь өнөөдрийг хүртэл маргаан дагуулсаар байна.
Эх сурвалж: foreignlobby.com, opensecrets.org, The Atlantic, Newsweek The Wall Street Journal
Itoim.mnскачать dle 12.0

Next Post

Шинэ мэдээ