Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

Б.Баттулга: Гамшгаас урьдчилан сэргийлэх ажилд иргэдийн оролцоо чухал

Монгол цэргийн өдрийг тохиолдуулан аймгийн Онцгой байдлын газрын дарга, хурандаа Б.Баттулгатай ярилцлаа. Түүний хувьд салбартаа 32 дахь жилдээ ажиллаж байгаа бөгөөд 2014 оноос хойш Увс аймагт томилогдон ажиллаж байна.

-Өөрийгөө уншигчдад товч танилцуулна уу?
-Би 1972 онд Хөвсгөл аймгийн Мөрөн суманд төрсөн. Аав маань цэргийн байгууллагад насаараа ажилласан бэлтгэл хурандаа хүн. Анх 1990 онд Улаанбаатар хотын Гал түймэртэй тэмцэх хэлтсийн Гал унтраах 10-р ангид гал сөнөөгчөөс ажлын гараагаа эхэлж байлаа. Түүнээс хойш гал унтраах ангийн салаан захирагч, ангийн захирагч, шуурхай 105-ын тасгийн дарга, Онцгой байдлын Ерөнхий газарт ерөнхий зохицуулагч, ОБЕГ-ын Тамгын газрын мэргэжилтэн, хяналт шинжилгээ, үнэлгээний ахлах мэргэжилтэн зэрэг албан тушаалыг хашиж байгаад 2014 оны 10 дугаар сараас эхлэн Увс аймгийн ОБГ-ын даргаар томилогдон ажиллаж байна. Энэ нутагт ирээд 7 жилийн хугацаа өнгөрлөө. Сайхан хамт олон, сайн хүмүүсийн дунд ажиллаж, амьдрахад хэцүү зүйл алга. Хамгийн гол нь зорьсон хэргээ бүтээх нь чухал.
-Аймгийн ОБГ-ын үйл ажиллагааны талаар?
-Увс аймгийн ОБГ-ын үйл ажиллагааг шинэ түвшинд хүргэх, чадавхыг нэмэгдүүлэх зэргээр тодорхой бодлогын хүрээнд олон ажлыг хийсэн. Хамт олонтойгоо ярилцаж байгаад Онцгой байдлын газрын нүүр царайг өнгөлөх зорилгоор ногоон байгууламжийг нэмэгдүүлэх, жагсаалын талбай, гадна болон дотоод засвар, харуулын байр барих гээд цэргийн байгууллагын стандартад ойртуулсан тохижилтын ажлууд хийсэн. Мөн Гамшгаас хамгаалах бэлэн байдлыг хангах хүрээнд найман автомашины гараашийг шийдвэрлүүлэх, иргэдийн аюулгүй байдлыг хангах үүднээс Хяргас нуурын эрэгт 60 гаруй сая төгрөгийн өртгөөр Аврах, усны сургалт дадлагын баазыг байгуулах, алба хаагчдын нийгмийн асуудлын хүрээнд хүнсний ногоо, чацарганы мод тариалан үр шимийг нь хүртэх боломжийг бүрдүүлэн аж ахуйгаа өөд нь татсан. Тэрчлэн Засгийн газрын шийдвэрээр 2015 онд Баруунтуруун суманд Гал унтраах, аврах 60-р анги байгуулж, 2017 оноос үйл ажиллагаа нь жигдэрсэн. Энэхүү ажилд аймаг, сумын удирдлага, иргэдийн оролцоо ихээхэн байсан. Цаашид Давст суманд Эрэн хайх, аврах бүлгийг байгуулахаар Засгийн газрын нөөц төлөвлөгөөнд оруулсан бөгөөд 2022 онд байгуулах чиглэлтэй байна.
-Албан хаагчдын бэлтгэл, бэлэн байдлыг хангахад хэрхэн анхаардаг вэ?
-Албаны сургалт, дадлагыг жил бүр тогтмол хийдэг. Энэ хүрээнд өвөл, зуны улиралд усны шумбалтын дадлагыг зохион байгуулдаг. Байгууллагын хэмжээнд албаны хээрийн сургалт дадлагыг явуулж хэвшсэн. Мөн бусад аймагтай хамтарч өндөр ууланд авирах дадлага сургуулийг хийсэн. Үүнээс гадна аймгийнхаа уулын авиралтын холбоотой хамтарч мөсөн хана байгуулан дадлага сургууль хийж байна. Мөн цаг үеийн нөхцөл байдлыг үл харгалзан албан хаагчдыг чадваржуулах дотоод сургалт, дадлага ажлууд тасралтгүй явуулдаг. Учир нь сургалт дадлага бол тухайн хүний бие бялдар болоод сэтгэлзүйг төлөвшүүлэх чухал ач холбогдолтой ажил юм. Сэтгэлзүйн хувьд төлөвшөөгүй хүн ажлын талбарт шантрах байдал гаргадаг. Ер нь албан хаагчдаас хатуужил, тэсвэр тэвчээр, мэргэжлийн ур чадвар их шаарддаг.  
-Увс аймагт гамшиг, аюулт үзэгдлийн давтамж хэр олон гардаг вэ?
-Увс аймаг их онцлогтой бүс нутаг. Жилд дунджаар 180-250 удаагийн аюулт үзэгдлийн дуудлага мэдээлэл ирдэг. Гамшгийн шинжээр нь авч үзвэл тогтмол 5-6 удаагийн аюулт үзэгдлийн тоо давтамж байнгын хэмжээнд явагддаг. Энэ нь газарзүйн байршил, байгаль цаг уурын эрс тэс уур амьсгалтай шууд холбоотой. Зуны улиралд ган гачиг, ой хээрийн түймэр, хүн, малын гоц халдварт өвчин, үер ус, гол нуурын усанд осолдох, өвөл цас ихээр ордог нь зуд зурхан болох, шуурганд малтайгаа төөрөх, цасанд боогдох, хавар, намрын цагт бол ой хээрийн болон обьектын түймэр гарах, шар усны үерт автах зэрэг гамшиг тохиолддог. Ер нь жилийн дөрвөн улирлын турш Онцгой байдлын албан хаагчид маань байнгын ажиллагаатай, хариуцлагатай, цаг завгүй ажилладаг. 
Мөн аймгийн Засаг даргын захирамжаар сумдад урьдчилан сэргийлэх ажлыг түлхүү зохион байгуулах болсон нь хүний амь эрсдэх, ой хээрийн түймэр гарах аюулт үзэгдэл буурахад нөлөөлсөн.
-Гамшгаас урьдчилан сэргийлэх ажилд иргэдийн оролцоо, хүлээх үүргийн талаар?
-Гамшгаас хамгаалах хуульд тусгаснаар гамшгаас хамгаалах арга хэмжээг хэрхэн зохион байгуулах тухай үндсэн таван зарчим бий. Үүний нэгдүгээрт иргэдийн оролцоонд тулгуурлана. Аливаа гамшиг ослын үед мэргэжлийн анги байгууллагын аврах ажиллагаа ирэх хүртэлх хугацаанд иргэн өөрийгөө аврах ёстой байдаг. Иймд иргэдийн оролцоог хангасан, урьдчилан сэргийлэх сургалтуудыг зохион байгуулж байна. Тухайлбал “Бэлэн бай” багц сургалтын үр дүнд иргэдийн ойлголт бага ч гэсэн дээшилж байгаа. Мөн жил бүр зарим суманд гамшгаас хамгаалах иж бүрэн сургалт, удирдах бүрэлдэхүүний сургалт, бэлэн байдлын үзлэг зэрэг төлөвлөсөн ажлуудыг цаг хугацаанд хийдэг нь иргэдийн гамшгаас урьдчилан сэргийлэх мэдлэг, мэдээлэлд эерэг нөлөөг үзүүлж байгаа. Өмнө нь малчид байгаль цаг ууртайгаа дасан зохицож амьдарч байсан бол 1990-ээд оноос хойш энэ байдал өөрчлөгдөж, малчдын сэтгэлзүй суларсан. Гамшиг ослоос хамгаалах, урьдчилан сэргийлэх ажил бол зөвхөн манай байгууллагын үүрэг биш. Иргэд ч хариуцлага хүлээх ёстой. Дэлхийн улс орнуудад иргэд нь сайн дураараа гамшгийн үеийн бэлэн байдлын сургалтад хамрагддаг.
-Салбарын түвшинд тулгамдсан асуудлууд юу байна?
-Тулгамдсан асуудал олон бий. Байгууллагын бүтэц, орон тоо жил ирэх тусам нэмэгдэж байгаа ч алба хаагчдын ажлын байрны тухтай нөхцөл хангагдахгүй байгаа. Анх гал унтраах ангийн зориулалтаар барьж байсан байранд одоог хүртэл үйл ажиллагаагаа явуулсаар байна. Барилгын өргөтгөл хийх санал хүсэлтийг холбогдох газруудад хүргүүлсэн. Мөн аврах ажиллагааны багаж хэрэгсэл байнгын ашиглалтын улмаас эвдрэл ихтэй байдаг. Нөхөн хангалтыг шийдвэрлүүлэх хүсэлтэй ч төсвөөс хамааралтай, тэр бүр шийдэгдэхгүй байна. Тухайлбал усны шумбах хэрэгслийг 8 жил ашиглаад дахин ашиглах боломжгүй болсон. Уулын багаж хэрэгсэл хүрэлцээ багатай, үнийн хувьд өндөр өртөгтэй байдаг. Энэ ташрамд энэ тал дээр тодорхой дэмжлэг үзүүлэх албан байгууллага байвал дэмжиж, бид бүхний ажил, үйл ажиллагаанд хувь нэмрээ оруулаасай гэж хүсэж байна.
-Цар тахлын нөлөөтэй ажлын ачаалал, хариуцлага хэр нэмэгдэж байна вэ?
-Хуульд заасан үүргийн дагуу манай байгууллага гамшгийн үед төрийн болон төрийн бус байгууллага, нутгийн өөрөө удирдах байгууллага, мэргэжлийн байгууллагын үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх зэргээр удирдлагын түвшинд чиглүүлэн ажилладаг. Энэ хүрээнд аймгийн МХГ, Эрүүл мэндийн байгууллага, ОБГ, Цагдаагийн газар гэсэн 4 байгууллага дотоод удирдлагын түвшинд уялдуулан шийдвэр гарган ажиллаж байна. Миний бие аймгийн Онцгой комиссын Орлогч дарга, Шуурхай штабын даргаар ажиллаж байгаа. 
Онцгой байдлын газрын албан хаагчид харуул хамгаалалт, постод гарах, ачаа тээврийн үйл ажиллагаанд хяналт тавих зэргээр цар тахлын үед үүрэг, оролцоо ихтэй ажиллаж байна.
-Монгол цэргийн баяраар ямар нэгэн ажил, үйл ажиллагаа зохиох уу?
-Энэ жилийн тухайд цар тахалтай холбоотойгоор тодорхой ажил зохион байгуулах талаар төлөвлөгөө гаргаагүй. Өмнөх жилүүдэд Монгол цэргийн өдрийг салбарын байгууллагуудтайгаа хамтран тэмцээн, уралдаан зохион байгуулах гэх мэтээр тэмдэглэн өнгөрүүлдэг байсан. 
-Сүүлчийн мөчийг танд үлдээе?
-Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлыг хангах тусгайлсан чиг үүрэг бүхий байгууллагуудын удирдлага, албан хаагчид болон албаныхаа нийт хамт олон, ахмад ажилчдадаа Монгол цэргийн өдрийн мэндийг хүргэе. Та бүхний ажил үйлс үргэлж өөдрөг байх болтугай. 
-Танд баярлалаа.


скачать dle 12.0

Next Post

Шинэ мэдээ