Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

COVID-19 халдварыг товчоодоор “гаргаж” алдах вий

Монгол Улсад сар гаруйн хугацаанд COVID-19 халдварын тархалт 1000 давлаа. Энэ цаг үед дотоодын халдварыг хумих, тогтоон барихад нийслэл тойрсон товчоод гол цэг болж байгаа. Өөрөөр хэлбэл, халдварын голомтоос гарч буй иргэдийг эрүүл бүс рүү “цэвэр” нэвтрүүлэх хариуцлага товчоодод үүрэг гүйцэтгэж буй алба хаагч нарт оногдож буй. Хэдийгээр товчоод дээр төрийн албан хаагчид 24 цагаар ажиллаж байгаа ч цар тахлын дэгдэлтийн үед бэлтгэл, бэлэн байдал, үүрэг хариуцлага гойд чухал байгаа юм.  
COVID-19 ХАЛДВАРЫН ГОЛОМТТОЙ БҮСЭЭС ИРЖ БАЙГАА БОЛ ЗААВАЛ ПСР ШИНЖИЛГЭЭНИЙ ХАРИУ ШААРДАНА 
Эдгээр өдрүүдэд нийслэлээс гарах хөдөлгөөн хаалттай. Харин орох нь нээлттэй байгаа юм. Бид 61-ын гармаас нөхцөл байдлыг газар дээрээс нь сурвалжлалаа. Хөл хорио тогтоогоогүй хэвийн үед 8-10 мянган автомашин зорчдог уулзвар юм. Харин хязгаарлалттай үед 200 гаруй тээврийн хэрэгсэл орж гарч байгааг онцгой байдлын албан хаагчид онцоллоо. Товчоон дээр онцгой, тээврийн цагдаа, мэргэжлийн хяналт, экологийн цагдаа, мал эмнэлэг, дүүргүүдийн эрүүл мэндийн нэгдлээс үүрэг гүйцэтгэж байна. Мэргэжлийн байгууллагууд  хоёр талдаа хуваагдаж нэгнээ түр амраах байдлаар 24 цаг ажиллаж байгаа бол постны гарах чиглэлийг тээврийн цагдаагийн алба, орох талыг экологийн цагдаа хариуцаж байв. Хотоос гарах чиглэлийг энэ сарын 24 хүртэл хаагаад байгаа учраас нефть, эрүүл мэнд, хүнс, буяны байгууллагын автомашиныг нэвтрүүлж байгаа. Ингэхдээ зорчигчид нь заавал ПСР шинжилгээ өгсөн байх шаардлагыг тавьж байгаа талаар СХД-ийн Онцгой байдлын газрын мэргэжилтэн, ахлах ахлагч С.Очирсумлаа хэлсэн юм. Тэрээр “Энэ сарын 14-18-ны хооронд хөдөө орон нутгийн иргэдийг хотоос гаргасан. 18-ны 06:00 цагаас эхлээд хотоос гарах хөдөлгөөнийг зогсоосон. Үүнтэй холбоотойгоор хөдөлгөөний ачаалал эрс багассан. Хотоос гарах хориог зогсоохоос өмнө хэвийн үед хотоос өдөрт 200-400 орчим тээврийн хэрэгсэл орж гардаг. Нэг тээврийн хэрэгсэл 1-3 зорчигчтой гэж тооцвол 400 тээврийн хэрэгсэл гарлаа гэхэд 1000 шахам зорчигч гэсэн үг. Өнөөдөр бол эрс багасч байна. Иргэдийн шинжилгээний хариуг шалгаад, асуумж бөглүүлэхэд нэг машин дээр 1-3 минут зарцуулж байна. Өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн эхний өдрийг бодвол иргэд харьцангуй мэдээлэлтэй болсон. Гэхдээ шинжилгээгээ өгчихөөд хариу нь бүрэн гүйцэд гараагүй байхад товчоон дээр ирж хүндрэл учруулж байгаа иргэд цөөнгүй байна. Зөвшөөрөгдсөн 13 аж ахуйн нэгжээс гадна Сонгинохайрхан дүүргийн алслагдсан 32, 21-дүгээр хороо буюу 3.61-ийн гарам тойрсон Рашаант, Партизанд амьдардаг иргэдийн оршин суугаа хаягийн тодорхойлолт, бичиг баримтыг үндэслээд чөлөөтэй нэвтрүүлж байна. Тухайн хорооны иргэд сүү, цагаан идээ, малын тэжээлээ байнга зөөдөг. Ихэнх нь түргэвчилсэн шинжилгээгээр явж байна. Орох хөдөлгөөний хувьд хүндэтгэх шалтгаантай ч голомтын бүсээс ирж байгаа бол заавал ПСР шинжилгээгээр оруулж байна. Харин эрүүл бүсээс ирж байгаа бол түргэвчилсэн шинжилгээний хариу шаардаж байгаа. Гэхдээ тухайн орон нутагт ПСР шинжилгээ авах боломжтой бол эрүүл бүс байсан ч ПСР шинжилгээ шаардана. Орж, гаргах хоёуланд нь асуумж бөглүүлж байна” гэсэн мэдээллийг өгсөн юм.
 
СХД-ИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ТӨВИЙН ЭМЧ НАР НЭГДСЭН ОЙЛГОЛТГҮЙН УЛМААС ИРГЭДЭД ЧИРЭГДЭЛ УЧРУУЛЖ БАЙНА ГЭВ 
Сурвалжлагын эхэнд дурдсанчлан иргэд хот руу орж ирэхдээ шинжилгээний хариугаа үзүүлж асуумж бөглөхөд хангалттай. Харин энэ сарын 24 хүртэл гарах хөдөлгөөн хаалттай байгаа юм. Тэгвэл товчоодоор орж гарч буй иргэдийг хүндрүүлж байгааг хэлж байв. Тухайлбал, орон нутгаас ирж байгаа иргэдээс сум, хорооны тодорхойлолт нэмэлтээр шаардах. Зарим үед шинжилгээний хариуг шалгах хугацаа зөрүүтэй. Эмч нар өөр өөр шаардлага тавьж байгаагаас эргэж, буцах зэргээр хүндрэл учирч байгааг хэлж байв. Зорчигч Н “Хэдхэн хоногийн өмнө гарахад шинжилгээний хариу 72 цаг байх ёстой гэсэн шаардлага тавьж байсан. Мөн зарим иргэдийг шинжилгээний хариу хүлээгдлийн төлөвтэй байхад “дээшээ” ярилаа гээд эмч нар нэвтрүүлсэн байна лээ. Зарим иргэнийг долоо хоногийн өмнөх шинжилгээний хариу, хүлээгдлийн төлвөөр оруулж, гаргасан гэж манай сумынхан ярьсан.  Сонгинохайрхан дүүргийн эрүүл мэндийн төвийн эмч нар товчоодоор орж гарахад шинжилгээний хариу шаардахдаа ямар хугацаатай байх, нэмэлт бичиг баримт бүрдүүлэх зэргээр ойлголт тааруу байгаагаас үйл ойлголцол үүсч байна. Дээр нь харилцааны соёл хандлага үнэхээр тааруу. Эмчийн бичиг үзүүлэхээр биш байна гэдэг. Бид эмчийн бичиг дуурайлгаж хийхгүй нь ойлгомжтой. Товчоон дээр зогссоор байтал хамаг цаг, заваа алдаж байна” гэсэн юм.
 
Харин бид шинжилгээний хугацаа ямар байгаа тохиолдолд иргэдийг нэвтрүүлж байгаа талаар баасан гариг буюу энэ сарын 18-ны үдээс хойш 61-ийн гарам дээр үүрэг гүйцэтгэж байсан Сонгинохайрхан дүүргийн эрүүл мэндийн төвийн зарим эмч нараас тодруулах гэсэн боловч “Нэгдсэн журмаар “дээрээс” мэдээлэл өгч байгаа. Ямар хүн ямар ажлаар нэвтэрч байгаагаас шалтгаалж утсаар асууж байгаад оруулж, гаргадаг. Бид нар мэдээлэл өгөх үүрэг хүлээгээгүй” хэмээгээд эрс татгалзсан юм. Сурвалжлагын явцад мэргэжлийн хяналт, онцгой, цагдаагийн байгууллагынхан уриалгахнаар нөхцөл байдлыг тайлбарлаж байсан бол эрүүл мэндийн төвийн эмч нар үүрэг чиглэл, болж бүтэхгүй байгаагаа хэлэхээс татгалзсаныг энд тэмдэглэх ёстой. 61-ийн гарам дээр тухайн өдөр Сонгинохайрхан дүүргийн эрүүл мэндийн нэгдлээс найман хүний бүрэлдэхүүнтэй баг ажиллаж байв. Харин тэдний хоёр нь иргэдийн шинжилгээний бичгийг шалгаж оруулж гаргаж байсан бол хариуцаж байгаа гэх хүмүүс байрандаа амарч байгаа гэх шалтгаанаар мэдээлэл өгөхөөс татгалзав. Энэ байдлаас харвал үнэхээр ажил үүргээ мэдэж хариуцлагатай ажиллаж байгаа бол нөхцөл байдлыг хэлэхэд буруудах юмгүй байх. Харин онцгой цаг үед өндөр үүрэг хариуцлага хүлээж байгаа тангараг өргөсөн төрийн албан хаагчид, тэр тусмаа эмч нар ажилдаа ялархаж болохгүй. Тэд ганцхан шинжилгээний хариуг анзаарахгүй өнгөрөөх юм бол хожмын хор уршиг ямар байхыг хэлж мэдэхгүй. Тиймээс COVID-19 халдварыг товчоодоор “гаргаж” алдах вий гэсэн болгоомжлол тээснээ нуух юун. Харин бид товчоон дээрээс авч чадаагүй мэдээлэл буюу иргэдийн шинжилгээний хариу ямар хугацаатай байх талаар Нийслэлийн онцгой комиссоос тодруулахад “ 72 цагаас хэтэрсэн бол хот руу оруулж, гаргахгүй” гэсэн мэдээллийг өгсөн.
 
 
С.УянгаЭх сурвалж: “Зууны мэдээ” сонин
скачать dle 12.0

Next Post

Шинэ мэдээ