Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

ГИХГ-ын ажилтныг хахуульдахыг завдсан өвөрлөгч эрийг саатуулжээ


Өвөрлөгч иргэн Балжинням гэх эрийг Монголын хууль сахиулах байгууллагынхан шалтгаангүй барьж хорилоо, гэмт хэрэг үйлдээгүй хүнийг сулла, НҮБ-ын дүрвэгч болгох, хууль, эрх зүй, хүний эрхийн тусламж үзүүлэх талаар бүгд анхааран хичээцгээе хэмээн олон нийтийн сүлжээнд зарим иргэн бичих болсон. Тухайн өвөрлөгч иргэн үнэхээр дүрвэгч, гэм буруугүй хүн байсан уу гэдэг эргэлзээтэй бөгөөд зарим мэдээллийн хэрэгслээр түүнийг “Монгол охидын биеийг хятадуудад үнэлүүлдэг байсан байж болзошгүй” хэмээн бичсэн байв. Юутай ч тухайн иргэний ийм үйлдэл өдүүлдэг байж болзошгүй гэх мэдээллийг хахуулийн хэргийг шалгах явцдаа хууль сахиулах байгууллагынхан нягтлах нь гарцаагүй. Гар утас, вичатад нь үзлэг хийхэд оюутан охидтой харилцаж байсан зурвас нэг бус байсан гэх мэдээллийг мөрдөх байгууллагын баттай эх сурвалжууд өгсөн юм. Гэхдээ өвөрлөгч иргэн Балжиннямыг төрийн албан хаагчид хахууль өгөхийг завдсан, Монгол Улсад орж ирэхдээ авсан визийн хугацаа нь дууссан, ирсэн зорилгоосоо өөр ажил эрхэлсэн, бусдыг залилан мэхэлсэн байж болзошгүй үйлдэлд холбогдуулан цагдан хорьсон аж. Тодруулбал, эрүүгийн хэрэгт ял шийтгүүлж, Монгол Улсаас албадан гаргахаар болсон БНХАУ-ын иргэнээс мөнгө авч, зуучлан, нутаг буцаах ажилд саад учруулахыг завджээ.
Тэрбээр нутаг нэгтнүүдээ залилсан байж болзошгүй
Нутаг нэгтнээ залилсан хэрэгт шийтгүүлж Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс 2019 оны долдугаар сард нэг жил тэнсэн харгалзах болсон БНХАУ-ын иргэн Чинг Хайлианг гэх эрийн ял эдлэх хугацаа нь дууссан учир Гадаадын иргэдийн эрх зүйн байдлын тухай хуулийн 37.1.11-д заасан “Шүүхээр ял шийтгүүлсэн гадаадын иргэн ялаа эдэлж дууссан буюу ялаас чөлөөлөгдсөн бол албадан гаргана” гэснийг үндэслэн Гадаадын иргэн харьяатын газар (ГИХГ)-аас албадан гаргахаар шийдвэрлэсэн аж. Улмаар хил хаалттай учир Улсын онцгой комиссоос өмнөд хөршийн хууль сахиулах байгууллагынханд БНХАУ-ын 30 гаруй иргэнийг албадан гаргаж байгаа учраас хүлээн авах талаар албан бичиг хүргүүлсний дагуу хятадууд ч өдөр товлон хүлээн авахаар болжээ.
Гэтэл Чинг Хайлианг өвөрлөгч эр Балжиннямаар дамжуулан “Танай хүмүүсийг аргалчихсан, он гартал Монголд байхаар болсон. Одоогоор би одоо хөдөө явна. Хөдөө хаана гэдгээ мэдэхгүй байна” хэмээн ГИХГ-ынхан руу вичат сүлжээ ашиглан ярьжээ. ГИХГ-ын Хяналт, шалгалтын газрынхан ямар нэг аргаар Чинг Хайлиангийг дуудаж уулзахаар болсон бөгөөд “Богд-Ар” хороолол дахь “Панда” хэмээх хятад зоогийн газрын тусгай (VIP) өрөөнд өвөрлөгч эр Балжиннямын хамт сууж байхад нь уулзжээ.
ГИХГ-ын ажилтнуудыг ороход тэд бэлнээр 3.5 сая төгрөг гарган, хахууль болгож өгөхийг завдсан гэнэ. Түүнийг нь баримтжуулан Чинг Хайлинг болон Балжинням нарыг нэгэн дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжаар албадан саатуулсан байна.
Ийнхүү албадан саатуулахад Чинг Хайлинг нь “Намайг албадан гаргуулахгүй гэж 7.5 сая төгрөг Балжинням авсан” хэмээн хууль сахиулах байгууллагынханд ярьжээ. Харин ГИХГ-ын ажилтнуудыг хахуульдахыг завдсан 3.5 сая төгрөгийг нь шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагынханд хүлээлгэж өгсөн бөгөөд түүнээс нь Чинг Хайлингийг албадан нутаг буцаахын тулд Монголд хийх “Ковид-19”-ийн шинжилгээ, өмнөд хөрш рүү илгээх тээврийн зардал зэрэгт нь 500,000 орчим төгрөг зарцуулсан гэнэ.
Монгол Улсын хуулийг удаа дараа зөрчсөн Балжиннямыг албадан гаргахаас өөр аргагүй
 
Ингээд БНХАУ-ын тал хүлээн авахаар нэрийг нь баталгаажуулсан Чинг Хайлингийг энэ сарын 12-нд эх оронд нь шилжүүлэхийг зөвшөөрч, Балжиннямыг үлдээсэн байна. Уг нь УОК-оос өвөрлөгч эрийг хүлээлгэн өгөх талаар хүсэлт хүргүүлсэн ч “энэ удаа боломжгүй, өмнө илгээсэн нэрс дунд энэ хүний нэр байгаагүй” хэмээн авахаас татгалзсан аж. Үүнээс үзэхэд олон нийтийн сүлжээнд зарим хүний бичсэнчлэн “Хятадын талд хүлээлгэн өгвөл амиа алдах аюултай” хэмээж буй нь худлаа болов. Хэрэв БНХАУ-ын тал үнэхээр Балжиннямыг эрэн сурвалжилж байсан бол хүсэлт илгээмэгц тэр даруйдаа авч явах нь гарцаагүй шүү дээ.
Өвөрлөгч эр Балжиннямын тухайд манай улсад бизнес эрхлэгчийн виз авч өнгөрсөн оны сүүлчээр орж ирсэн бөгөөд түүнтэй хамт эхнэр, нөхөр болох хятад иргэд иржээ (Тэрбээр Ван Ли гэх хятад иргэдийн орчуулагчаар ажиллахаар Монгол Улсын хилээр нэвтэрсэн байна). Гэвч уг хоёр хүнтэйгээ хамт бизнес эрхлэлгүй, алга болж залилан мэхэлсэн байж болзошгүй аж. Улмаар ирсэн зорилгоосоо өөр үйл ажиллагаа явуулж, гарааш түрээслэн адууны гэдэс хатаан хятадуудад борлуулдаг ажил хийх болсон байна. Өөрөөр хэлбэл, тэрбээр хөдөлмөр эрхлэх болсон нь Гадаадын иргэдийн эрх зүйн байдлын тухай хууль зөрчсөн үйлдэл аж. Тиймээс ГИХГ-ынхан түүнд Монгол Улсаас гарахыг сануулсан ч тэрбээр хэн нэгний тусламжтайгаар хуулийн цоорхой ашиглаж байтал цар тахлын улмаас улсын хил хаасан байна. Уг нь хуульд “Оршин суух зөвшөөрөл олгоогүй, эсхүл урьд олгосон зөвшөөрлийг хүчингүй болгосон буюу зөвшөөрлийн хугацааг сунгахаас татгалзсан бол Гадаадын иргэний асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага тус улсаас сайн дураараа гарахыг гадаадын иргэнд сануулна. Сануулга авсан гадаадын иргэн 10 хоногийн дотор Монгол Улсаас гарах үүрэгтэй” гэж заасан байдаг.
Гэвч тэрбээр нутаг буцалгүй, хууль бусаар амьдарч байхдаа ийнхүү ГИХГ-ын ажилтнуудад хахууль өгч, Монгол Улсын шүүхээс ял шийтгүүлсэн хятад эрийг авч үлдэхийг завджээ. Тиймээс ГИХГ-ынхан Гадаадын иргэдийн эрх зүйн байдлын тухай хуулийн 36.1-д заасан “Энэ хуулийн 35.2-т заасан хугацаанд гараагүй бол, албадан гаргах ажиллагаанд саад учруулж, эсхүл гэмт хэрэг үйлдэж, зөрчил гаргаж болзошгүй, паспорт, бичиг баримтгүй, хэн болох нь тогтоогдохгүй бол албадан саатуулж болно”, 36.3 дахь хэсгийн “Энэ хуулийн 36.1-д заасан үндэслэлээр гадаадын иргэнийг шүүхийн шийдвэрээр 14 хүртэл хоногийн хугацаагаар саатуулж болох ба шаардлагатай тохиолдолд гадаадын иргэний асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын саналыг үндэслэн уг хугацааг 30 хүртэл хоногоор сунгаж болно” гэснийг үндэслэн ШШГЕГ-ын харьяа ангид түр саатуулсан байна. Ийнхүү туурга тусгаар Монгол Улсын хуулийн дагуу ГИХГ-аас албадан саатуулсан байтал олон нийтийн сүлжээнд “Гэмгүй хүнийг саатууллаа. Олон нийтийн дургүйцлээс болж батлан даалтад гаргалаа. Шоронд гараад нэмж хэрэг үйлдсэн хятад хүнээ зүгээр явуулчихаад түүний хэргийг Балжиннямынх болгож гүжирдэж байна” хэмээн худлаа мэдээлэл цацаж буй нь харамсалтай. Уг нь Балжинням уйгаржин монгол бичгээр, Чин Хайлинг нь хятадаар болсон явдлаа бичиж баталгаажуулсан гэдгийг эх сурвалжууд хэлж байна.
Ийнхүү албадан саатуулсны дараа Балжинням ШШГЕГ-ын харьяа хорих байранд өлсгөлөн зарлана хэмээн хууль сахиулагчдыг сүрдүүлж, элдэв хараал урсгаж байсан нь камерт бичигдэж үлдсэнийг эх сурвалжууд баталлаа. Түүгээр ч зогсохгүй ГИХГ-ынханд хураалгасан гурван сая төгрөгөөсөө хоол авахад зарцуулж байсан бөгөөд цагдан хоригдох хугацаандаа тийм хэмжээний мөнгө хоолонд зарцуулсан гэдэгт эргэлзэх хүн цөөнгүй байгаа юм.
Бидэнд олдсон мэдээллээр Балжиннямыг саатуулах үед түүний бичиг баримт биедээ байгаагүй бөгөөд “Нутгийнхаа нэг хүнд визээ сунгуулахаар өгсөн” хэмээн мэдүүлж байж. Энэ нь “хэн болох нь тогтоогдоогүй, паспорт бичиг баримтгүй” гэсэн үндэслэлээр саатуулах үндэслэл ч болж байж. Тэрбээр “нутгийнхаа хүнд бичиг баримтаа өгсөн” хэмээсэн нь худлаа болж таарсан бөгөөд уг хүнээс нь тодруулахад Балжиннямд өөрт нь байгаа гэдгийг баталсан байна. Энэ мэтээр манай хууль сахиулах байгууллагынхан, тэр дундаа ГИХГ-ынхныг хууран мэхэлж, хууль бус үйлдэл гаргахыг завдсан Балжиннямыг албадан гаргахаар болж буй бөгөөд өдгөө түүнийг батлан даалтад өгчихөөд буй юм. Ингэхдээ түүнийг зугтаалгачихгүй, баталгаатай хүмүүсийн хяналтад байлгаж буйг шийдвэр гүйцэтгэх байгууллагын эх сурвалжууд хэлсэн юм.
Дашрамд тэмдэглэхэд, Гадаадын иргэн, харьяатын газрын шинэ удирдлага дотоод хяналт шалгалтаа эрчимжүүлж байгаа бөгөөд эх сурвалжуудын мэдээлснээр тус газарт ажиллаж байгаад чөлөөлөгдсөн зарим хүмүүс гадаадын иргэд, тэднийг уригч Монгол Улсад үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгжүүдээс “Виз гаргана”, “Албадан гаргахаас чөлөөлнө”, “Давуу байдал олгоно” гэх зэргээр хахууль авахыг завдсан үйлдэлд холбогдсон асуудлыг холбогдох хүрээнд шалгуулж эхэлжээ. 
Эх сурвалж: LIVETV.MN
скачать dle 12.0

Next Post

Шинэ мэдээ