Хангайн нурууны салбар Гурван ангархай, Цохиотын нуруунаас эх авч урсдаг. Хойд, урд Тамир голууд нийлж Тамир гол нэртэй болно. Энэ нь заримдаа Гурван тамир гол гэж нэрлэгддэг. Урд Тамир гол 165 километр урт, дээд хэсэгтээ Хошгот, Архошгот голуудыг нийлүүлэн авч урсдаг. Хойд Тамир голын урт 180 километр, нь дээд хэсгээрээ эгц хажуу бүхий нарийн хөндийгөөр, унал ихтэй, хурдтайгаар урсдаг. Баруун гарын эрэг нь хар модон ойтой. Тамир голын хөндий доошлох тусам өргөснө. Голын өргөн нь 40-70 метр, гүн нь 2-3 метр, урсгалын хурд нь 2 метр секунд байдаг. Хоёр Тамир гол нийлж 52 километр урсаад Орхон голын зүүн гарт цутгадаг. Тамир голын ус цуглуулах талбай нь 13100 хавтгай дөрвөлжин километр. Тамир гол түргэн урсгалтай уулын гол бөгөөд хур борооны үед усны төвшин богино хугацаанд огцом дээшилж, түргэн татардаг. Хоёр Тамир гол нийлсэн бэлчирээс доошхи голын хөндийгөөр улиас, бургасан шугуй шигүү ургасан байдаг. Өвөлдөө ёроолгүй бүрэн хөлддөг.
Тамирын голын домог: Хүн толь цутгаж сураагүй байсан тэр цагт бие дүрсээ усанд хардаг байжээ. Тунгалаг сайхан усыг болортой зүйрлэдэг байсан бөгөөд Болор гэж нэртэй голууд байжээ. Нэгэн голын эрэг дээр ганц охинтой жижигхэн бор эмгэн амьдран суудаг байжээ. Тэр охины нэрийг Тамир гэдэг. Тамир охин өсөж том болоод уулын цээнэ, усны лянхуа шиг үзэсгэлэнтэй гоо бүсгүй болжээ. Хосгүй сайхан төрсөн Тамир бүсгүйг харсан эр хүн бүрийн сэтгэлд эрхбиш мөрөөдхийн хүслэн ургадаг байжээ.
Тамир бүсгүй өдөр бүр Болор голоос усаа авахдаа ариун тунгалаг голын усанд үзэсгэлэнт гоогоо тольдож уртын сайхан дууг уяхан хоолойгоороо аялж , урт хар гэзгээ самнан суудаг байжээ. Тэр үед Болор голын нэг буланд үнэхээр толь мэт ус байсан гэдэг. Тэгээд ч энэ голыг Болор толь гэж нэрлэжээ. Тамир бүсгүйн хамгийн их хайрлаж үздэг нь толь болгон хардаг тунгалаг ус нь байв. Тамирт тэр голын нэг баян хөгшин санаархжээ. Гэтэл Тамирт сэтгэлийн хайртай залуу байсан тул баянг үзэн яддаг байжээ. Иймд баян хорсохдоо Тамир хүүхний үс зүсээ харан тольддог өнөөх тунгалаг сайхан усыг булингартуулжээ. Тамир нэг өдөр толин дээрээ иртэл толинд юм харах нь байтугай юу ч үл харагдах гүнзгий цээлийн ус ногоорч байлаа. Тамир бүсгүй хармсахдаа толь ус олж авах санаатай цээлийн ус руу ороод дахин гарч ирсэнгүй. Тамир бүсгүйн дурлалт хархүү Тайхар нь болзоот газраа ирээд газраа өнжин хонон, гунин гутран хүлээж ядаад болзоот газраа том чулуу авчирч тавьжээ. Харин Болор голыг Тамир хүүхний нэрээр нэрлэсэн гэнэ. Эдгээр газар Архангай аймгийн Гэрэлт зам нэгдлийн нутагт бий.