Сүүлийн үед сошиалаар "БНХАУ-ын иргэдийг шөнө дөлөөр бөөн бөөнөөр оруулж байна" гэсэн мэдээллүүд их цацагдах болсон. Энэ талаар УОК-ын дарга, Шадар сайд Я.Содбаатараас тодрууллаа.
-БНХАУ-ын иргэдийг шөнө дөлөөр оруулаад байна гэсэн мэдээлэл их гарч байна. Энэ асуудалд бодит тайлбар өгөөч?
-Хятадын иргэдийг бөөн бөөнөөр оруулж байна гэсэн худлаа мэдээлэл их гарч байна. Монгол Улсын Засгийн газар ажиллах хүчин оруулж ирдэг тусгай хуультай. Үүнд зөвшөөрөл өгдөг, хянадаг, тусгай байгууллагуудтай. Гадаадаас ажиллах хүчин оруулж ирэх нь Монгол Улсын Засгийн газрын бүрэн хяналтад байна. Монгол төрийн хяналтад байна. Хяналт, шалгалтгүйгээр хэн нэгэн хүнийг хил гаалиар оруулаагүй. Тэр тусмаа шөнийн цагаар. Бид бүхэн Засгийн газрын хурлаар ярьж байгаад энэ жил хуулинд байдаг квотоос маш бага хэмжээгээр зөвхөн удирдах албан тушаалтан, инженер техникийн ажилтнуудыг оруулж байгаа. Ийм шаардлага Монгол Улсын нийгэм эдийн засагт байна. Маш чанга хяналтан дор, хоёр улсын гэрээ хэлэлцээрийн хүрээнд хууль хүчний байгууллагуудын хяналт дор маш цөөн хүнийг оруулж байна.
-Одоо өвлийн улирал эхэлчихлээ. Бүтээн байгуулалтын ажил нэг их явагдахгүй байх. Тэгэхээр ажиллах хүчин оруулсаар байх уу?
-Энэ сарын 6-наас он дуустал БНХАУ-аас орж ирж байгаа ажиллах хүчний хөдөлгөөнийг зогсоосон. Гэтэл өчигдөр орж ирсэн мэтээр, халдвар хамгааллын дэглэм сахиулдаггүй мэтээр худал мэдээлэл тарааж байна. Ард иргэдийг төөрөгдүүлэх гэсэн асуудалд хууль хүчний байгууллагууд зохих арга хэмжээг нь авна. Цаашдаа ажилчид оруулах асуудлыг шинэ горимд оруулна.