Улаанбаатар-Дархан чиглэлийн авто замын ажлыг үргэлжлүүлэхийн тулд БНХАУ-ын ажилчдыг оруулж ирэхээс өөр арга байхгүй гэдгийг Зам, тээврийн хөгжлийн яамнаас мэдээлсэн. Гэвч олон нийт коронавирусийн эрсдэлтэй үед БНХАУ-аас 105 ажилчин оруулж ирэх Засгийн газрын саналыг олон нийт эсэргүүцсэн юм. Үүнтэй холбоотойгоор бүтээн байгуулалтын улирал аль хэдийнэ эхэлсэн ч Улаанбаатар-Дархан чиглэлийн замын бүтээн байгуулалт урагшлахгүй байна. Зөвхөн Дарханы тойргоос Хонгор сумын Цайдам хүртэлх хэсгийн 30.5 км авто замын байгууламжийн барилгын ажил л явагдаж байна. Энэ хэсгийн ерөнхий гүйцэтгэгчээр БНХАХУ-ын Чайна жоу инженеринг компани сонгогдсон бөгөөд туслан гүйцэтгэгчээр манай улсын дөрвөн аж ахуй нэгж ажиллаж байгаа ажээ. Ерөнхий гүйцэтгэгч компанийн ажилчид нь БНХАУ-аас ирэх боломжгүй байгаа ч туслан гүйцэтгэгч компаниуд нь гэрээнийхээ дагуу өнгөрсөн дөрөвдүгээр сарын 4-нөөс зам засварын ажлаа эхлүүлжээ. Өнөөдрийн байдлаар далан байгуулах, бетон суурьтай ул хийх, үерийн усыг зайлуулах бетон хоолойг суурилуулах, гурван үеийн цементээр бэхжүүлсэн суурин далангийн ажлууд хийгдэж байна.