Сүхбаатар /МОНЦАМЭ/. Уулбаян суманд явуулын амбулаторийн үзлэг хийж байна. Зургаа дахь жилдээ болж буй уг үзлэгийн үр дүнд өмнөх таван жилийн хугацаанд 70 орчим иргэний амь нас аврагдаж, 30 орчим хавдрыг шинээр илрүүлэн дараах шатлалын эмнэлэгт шилжүүлжээ.
Аймгийн ЭМГ, нэгдсэн эмнэлгийн нарийн мэргэжлийн эмч нарын бүрэлдэхүүнтэй баг дотор, мэдрэл, хүүхэд, чих хамар хоолой, бэлгийн зам, эх барих эмэгтэйчүүд, эхо, лабораторийн шинжилгээнүүдийг үнэ төлбөргүй хийж байна.
Зургаан жилийн үзлэгийг тогтмол зохион байгуулснаар 70 орчим иргэний амь нас аврагдаж, 500 орчим иргэн хоёр, гуравдугаар шатлалын эмнэлэгт эмчлүүлж, өвчнийг хүндрэхээс урьдчилан сэргийлж чадсан байдаг. Тодруулбал нийт 30 орчим хавдрын тохиолдлыг илрүүлсний гурав нь өнгөрсөн жил шинээр илэрч нэгийг нь шууд мэс заслын аргаар эмчилж эрүүлжүүлсэн гэх мэтчилэн үзлэгийн үр дүн маш их. Үүнээс гадна иргэдийн эрүүл мэндийн боловсрол сайжирч, эрүүл зан үйлд жилээс жилд суралцаж байгаа нь хамгийн сайшаалтай гэж Уулбаян сумын ЭМТ-ийн эрхлэгч Ц.Дайчинбат хэллээ.
Уламжлал болсон уг үзлэгт жилд 1800-2000 иргэн, өнгөрсөн таван жилийн хугацаанд нийт 10 гаруй мянган иргэн хамрагджээ. Бүх төрлийн үзлэг оношилгоог ингэж нэг дор тэр бүр авч чаддаггүй хөдөө орон нутгийн иргэд ч энэхүү ажилд сэтгэл хаггалуун байдаг аж.