Дорноговь/МОНЦАМЭ/. Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга өнгөрсөн хоёрдугаар сард БНХАУ-д айлчлах үеэрээ коронавирусний халдвартай тэмцэхэд дэмжлэг болгож 30 мянган хонь хандивлах батламжийг БНХАУ-ын дарга Ши Жиньпинд гардуулсан.
Өмнөд хөршид тусламж болгож өгөх хонин сүргийг хэрхэн цуглуулж яаж хил нэвтрүүлэх талаар Засгийн газрын тогтоол гарч Ажлыг хэсэг байгуулагдсан бол ХХААХҮ-ийн сайдын тушаалаар тус яамны Мал аж ахуйн хөгжлийн бодлого зохицуулалтын газрын дарга Д.Батмөнхөөр ахлуулсан Ажлын хэсэг байгуулагджээ.
Тус Ажлын хэсэг Дорноговьд ирж холбогдох албаныхантай уулзсан байна. Ажлын хэсгийнхний уулзалт болон хонин сүргийг хэрхэн хил нэвтрүүлэх талаараймгийн ЗДТГ-ын Хөрөнгө оруулалт, хөгжлийн бодлого төлөвлөлтийн хэлтсийн хүнс хөдөө аж ахуй, жижиг дунд үйлдвэр, худалдаа үйлчилгээний бодлого хариуцсан мэргэжилтэн Н.Бямбацэцэгээс тодрууллаа.
Өмнөд хөршид тусламжаар нийлүүлэх хонин сүргийг цуглуулах талаар ХХААХҮ-ийн сайдын тушаалаар батлагдсан Ажлыг хэсэг Дорноговьд ажиллажээ. Уулзалтын тухай тодруулах уу?
Тусламжийн хонийг хэрхэн цуглуулж, хил нэвтрүүлэх талаар Засгийн газрын болон ХХААХҮЯ-ны түвшинд Ажлын хэсэг байгуулагдсан.
Яамнаас томилогдсон Ажлын хэсгийнхний уулзалт Дорноговьд дөрвөн өдрийн өмнө болсон юм. Мөн Дорноговь аймгаас сонгогдсон УИХ-ын гишүүн Б.Дэлгэрсайхан, Т.Энхтүвшин нар ч оролцсон байгаа. Уулзалтаар Ажлын хэсгийнхэн шат шатандаа ямар ажил хариуцан ажиллах, аймгаас томилогдсон ажлын хэсэгтэй хамтарч ажиллах талаар ярилцсан.
Гучин мянган хонийг Дорноговь, Сүхбаатар, Хэнтий гэсэн гурван аймгаас бэлтгэхээр болсон. Дорноговь аймаг 14 мянган хонь нийлүүлэх бол Хэнтий, Сүхбаатар аймаг тус бүр найман мянган хонь нийлүүлэх үүрэг хүлээсэн.
Бэлчээрийн даац, хонин сүргийн нөөц, үржил,малын тоо толгой, бусад боломжийг харгалзан аль сумаас хэдэн толгой хонь худалдан авах талаар тодорхой тооцоо судалгаа хийх, малын эрүүл мэндэд хяналт тавих зорилго бүхий аймгийн ХХААГ-ын даргаар ахлуулсан Ажлын хэсгийг аймгийн Засаг даргын захирамжийн дагуу томилсон.
Өмнөд хөршийнхөн Дорноговь аймгаас арай илүү тооны хонь авах сонирхолтой байгаа гэж албаны хүн ярьж байсан. Малчид хонин сүргээсээ боломжийн тоогоор худалдаалж ашиг орлогоо нэмэгдүүлэх боломж ч үүсч байна.
Хонь худалдан авах ажиллагааг зохион байгуулж 15 хоног бэлчээрт хариулаад ирэх аравдугаар сарын 06-н гэхэд Замын-Үүд дэх хорио цээрийн бүсэд хүлээлгэн өгөх төлөвлөгөөтэй юм.
Хонь худалдан авах ажиллагааг ямар аж ахуй нэгж зохион байгуулах вэ?
Засгийн газрын тогтоолын дагуу аймаг бүр өөрсдийн хийх ажлаа зохион байгуулна. Гэхдээ худалдан авах ажиллагаанд оролцохгүй.
Хонин сүргийг хилийн аймгаас худалдан авах ажиллагааг зохион байгуулах компанийг ХААХҮЯ-нд шалгаруулсан бөгөөд Дорноговь аймгаас хонь худалдан авах ажлыг “Таанын амт” ХХК гүйцэтгэхээр шалгарч ажлаа эхэлсэн байна.
Дорноговь, Сүхбаатар аймагт гүйцэтгэх компани шалгарсан бол Хэнтий аймагт мал худалдан авах компани тун удахгүй тодорхой болно гэж албаны хүн хэлж байсан. Миний ойлгосноор энэ ажилд оролцох компани ховор байгаа тул тухайн компани ашиг гэхээсээ илүү нийгмийн хариуцлагын хүрээнд зохион байгуулж байгаа юм билээ.
Эхний ээлжинд тухайн хонио суурь болгон хувааж 15 хоногоор бэлчээрт хариулсаны дараа Замын-Үүд дэх Хятадын хөрөнгө оруулалттай гоц халдварт өвчингүй хорио цээрийн бүсэд хүлээлгэн өгсөнөөр Монголын талын ажил дуусах юм. Харин тус бүсэд хонийг 30 хоног дахин хорио цээрийн дэглэмийг сахиулж дараа нь хилээр нэвтрүүлэх юм байна.
Хонь худалдан авах хөрөнгийг Засгийн газраас шийдвэрлэсэн гэж ойлгох уу?
Бид тийм ойлголттой байгаа. Тухайн компани хонь худалдан авах зар мэдээгээ 14 суманд хүргэж малчидтай тохиролцон бэлэн мөнгөөр худалдан авах ажиллагааг зохион байгуулна гэж албаныхан ярьсан.
Засгийн газраас хонь худалдан авах зардлыг тодорхой баталсан юм билээ. Гэхдээ нэг хонийг хэдэн төгрөгөөр худалдан авах талаар тодорхой зүйл яриагүй.
Харин малын эрүүл мэнд, ариун цэврийн асуудлыг аймгаас томилогдсон Ажлын хэсэг буюу мал эмнэлэг, МХГ, сумын мал эмнэлгийн тасаг зэрэг холбогдох чиг үүргийн мэргэжлийн байгууллагууд хариуцна.
Хонийг ээмэгжүүлэхээс гадна хонь тус бүрээс шинжилгээ авах юм. Харин Засгийн газраас томилогдсон Ажлын хэсэг тогтоосон дүрэм журмын дагуу тухайн хонин сүргийг хил нэвтрүүлэх асуудлыг хариуцна гэж ойлгосон.
Цар тахал эхэлсэн тухайн үед аймгууд өөрсдөө тусламж болгож өмнөд хөршид хонь нийлүүлэх мэдэгдэл хийж байсан. Дорноговь ч мэдэгдэл хийсэн?
Энэ асуудлыг арай өөр түвшинд шийдэж байгаа юм билээ. Малчид ард иргэдээс өгөх хандив учраас аймгаас мөнгө зарлагдахгүй. Онцгой байдлын Ерөнхий газраас ирсэн чиглэлийн дагуу тухайн хонийг бэлэн мөнгөөр худалдан борлуулж, Онцгой байдлын Ерөнхий газрын дансанд төвлөрүүлэх үүрэгтэй гэсэн. Энэ ажил үргэлжилж байна.