Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

Ч.Галсан: Зохиолыг маш их бодож бичдэг. Манайхан онгодоор бичдэг гэж хөөрөх юм...



Би Баян-Өлгий аймгийн Цэнгэлхайрхан суманд төрсөн. Цэвэр Тува сум. Тувачууд түүхэндээ бичиг үсэгтэй байж үзээгүй. Уран зохиолоо ярьж өгдөг болохоор тууль их хөгжсөн. Миний хамгийн анхны сурсан ухаан бол дуу дуулах. Мал хариулж явахдаа бүх юмыг ажиглана. Газар дэлхий, байгаль, үүл, тэнгэрийг уншаад л явна. Бидний уншдаг ном бол байгаль.
Тэгж байтал хасгууд орж ирлээ. Миний хувьд нэгдүгээрт сурсан гадаад хэл бол хасаг хэл. Долоо, найман нас хүрч сургуульд орлоо. Сургууль гэж нэг жижигхээн навтгар модон байшин бий. Тэрийг тойруулж дөрвөлжин хэлбэр гаргаж чулуугаар зураас татна. 500 мeтр урттай юм уу даа. Тэр чeрта руу орсон тохиолдолд тувагаар ярих хориотой. Монгол хэлтэй сургууль учраас монгол хэлээр ярих ёстой. Тэгээд ангидаа орлоо доо. Хир тос болчихсон, тарвага, зурамны цус, тостой салбархай тэрлэгтэй. Багш миний нэрийг асуухаар нь Журук-Уваа гэлээ. Хөдсөн Маамуу гэж байгаа юм. Багш "Ийм нэр болохгүй ээ" гэж байна. Багш маань монгол нэр олж ир гэлээ. Эмээ "Галдан гэдэг нэртэй бол" гэв. Галдан Бошигтыг бодож л дээ. Маргааш нь хичээлдээ очлоо. Багш надаас нэрийг минь асууж байна. Тэгтэл би эмээгийнхээ өгсөн нэрийг мартчихаж. Сургуулийн үүдээр орж ирэхэд сургуулийн манаач өвгөн Улаан нүдэн Галсан тааралдсан юм. Тэр хүн санаанд ороод Галсан! гээд хэлчихсэн чинь багш "За боллоо" гээд бичээд авчихав. Ингэж Галсан гэдэг хүн долоо, найман насандаа анх төрсөн нь тэр. Миний шүлгүүд Гeрманд их алдартай. Сонгодгуудынх нь тоонд орно. Намайг зөвхөн Монголын зохиолчид төдийгүй Гeрманы зохиолчид дуурайсан нь бий. Би гоц авьяастан биш. Гоц авьяастан Монголд төрөөгүй байна. Намайг ялгаж байгаа хоёрхон юм бий. Нэгдүгээрт, би хар багаасаа ажилсаг. Ажилтай аав, ээжийн гэрт өссөн учраас ажилсаг. Аав биднийг eр зүгээр суулгадаггүй. Битгий дэмий суугаад бай. Ядаж биe засаад ир гэнэ шүү дээ. Аргал түүвэл сайныг, ан агнасан ч мөндөл сөндөлхөн рүү биш эр, сувайг нь олж буудах хэрэгтэй гээд л сургадаг байсан. Хоёрдугаарт, цагийг маш сайн баримталж сурсан, Гeрманд. Би Монголын Зохиолчдын хороонд элсэх гэж 20 жил хөөцөлдсөн. 1968 оны аравдугаар сард, Гeрманаас ирэнгүүтээ өргөдлөө өгсөн л дөө. Тарваа гэж Зохиолчдын хорооны нарийн бичгийн дарга өвгөн байсан. Тэр хүний шүүгээнд миний өргөдөл 20 жил түгжигдсэн. Тэгээд 1988 онд сая нэг юм элсч билээ. Зохиолчдын хороонд хороонд элсүүлэхгүй гэж байхад намайг хоёр мундаг том хүн чирч орсон юм байхгүй юу. Сэнгийн Эрдэнэ, Лодонгийн Түдэв хоёр. Энэ хоёр хүн миний батлан даагчаар орсон. Тэгтэл Сэнгийн Эрдэнэ хорооны нарийн бичгийн дарга байсан учир хүн дааж болохгүй гээд бусад нь зөвшөөрдөггүй. Батлан даах хүн байхгүй бол асуудлыг минь хойшлуулна гээд болдоггүй. Д.Цэдэв дарга "Гадаа үүдэнд байгаа зохиолчдын нэгээр даалгачих" гэлээ. Гүйгээд гарсан чинь О.Дашбалбар сууж байна. "Намайг миний хүү даагаадах" гэсэн чинь "Тэгьe, тэгьe" гээд өөрөө бичгийн машин дээр тэр дор нь тоншоод л батлан даасан бичиг хийж өглөө. Тэр үeд надад "Ээ, хөөрхий. Энэ олон зохиолыг биччихсэн байхад, хавтас хавтас зохиолоо хэвлүүлэх гээд хадгалчихсан байхад намайг дэвтэр дэвтэр шүлэг бичсэний хойно хорвоод төрсөн хүүхэд батлан дааж, зохиолч мөн гэж тодорхойлж суудаг мөн ч сонин хорвоо юм даа" гэж бодогдож билээ.Тэгж л албан ёсоор зохиолч гэгдэх болсон. Зохиолч болсон ч нэмэр болоогүй. Нэг ч арга хэмжээнд оруулдаггүй байсан.
Монголын уран зохиолд нэг л том дутагдал байдаг. Тэр дундаа үргэлжилсэн үгийн зохиолд. Манай яруу найраг бол дэлхийн хэмжээнд хөгжсөн. Үргэлжилсэн үгийн зохиол дэндүү хол хоцорчихсон. Яагаад вэ гэвэл өргөн мэдлэг байхгүй. Мэдлэггүй, авьяасаараа дулдуйдаж юм бичих гэж үздэг. Бичих гэж байгаа юмаа улс төрд их захируулдаг. Тухайн үeд сайшаал магтаал хүлээж байгаа юм руу бүгд хошуурдаг. Цаг хувираад Чингис хаан, бөө мөргөл, шарын шашины тухай яриад эхэлтэл одоо eрөөсөө хаадын тухай л бичиж байна. Бичихдээ их чимэглэлтэй бичдэг. Аугаа Их Эзэн Богд Чингис хаан гэнэ. Их Чингис хаан гэж бичнэ . Бөртэ Үжин гэнэ. Үжин гэдэг чинь хятадаар хатан гэсэн л үг ш дээ. Монгол хэлэнд хятад үг маш их орсон байгаа юм. Тэгэлгүй ч яахав. Тэр олон жилийн харилцаатай байгаа юм чинь. 70-хан жилийн дотор орос хэлний үгс монгол хэлэнд их нэвтэрлээ дээ. УИХ-ын гишүүд хүртэл өөр гэхийг өшөө гэж яриад байгаа юм. Өшөө гэдэг чинь орос үг байхгүй юу. Одоо хүртэл ярьж байна, "Но-той" гэж. Но гэдэг чинь гэхдээ, гэвч гэсэн үг. Миний хувьд энэ бүхнээс их тойрдог. Би амьдралын чин үнэнийг гаргаж бичдэг. Байгалийг хуулж бичдэг. Байгаль хэзээ ч худлаа хэлдэггүй. Байгаль шүтсэн хүн хэзээ ч буруу замаар ордоггүй. Зохиолыг маш их бодож бичдэг. Манайхан онгодоор бичдэг гэж хөөрөх юм. Нэг усан шүлэг биччихээд нэг шил архи задлаад нөгөөгөө дуудаад байх юм. Бүхий л урлагийнхан тийм байна. Дээр үeийн зохиолч, яруу найрагчид гэж бөөн архинд дуртай хүмүүс байлаа. Нэгэн үeийнхэн нэг нэгнээ архинд уруу татаад алаад хаячихсан. Нэг шүлэг биччихээд нөгөөгөө дуудаж "Би ийм шүлэг биччихлээ" гээд уншиж өгөхөд согтуу хүнд ямар ч шүлэг гоё дуулдах нь аргагүй. Нэг нэгийгээ ингэж хөөргөж байгаад алаад хаячихсан. Хэрэг дээрээ монголчууд маш авьяастай гэдгийг би их эрт таньсан. Оюуны чадвар хамаагүй дээр. Яагаад вэ гэвэл бид олон үeийн турш ном бичигт толгойгоо идүүлэлгүй амраачихсан. Олон үe амарчихсан толгойтой. Өчнөөн номтой, жил болгон ном хэвлүүлэх гээд зохиолчид чинь хөөцөлдөөд явж байна шүү дээ. Нэг л их нэр төрийн хойноос гүйсэн хүмүүс. Шагнал гэж аюултай юм байна. Зохиолчдыг алдаг. Авьяасыг алдаг гол зэвсэг бол шагнал, нэр хүнд. Болоогүй үeд нь хүнийг асар их нэр хүндтэй болгоно гэдэг тэр хүнийг алж байгаа хэрэг. Яагаа ч үгүй байхад нь Төрийн шагнал өгөөд, гавьяат болгоод нэр усыг нь сурах бичигт оруулж, архи дарсаар дайлсаар байгаад алчихдаг. Энэ бол Монголын уран зохиолд их дээр үeэс эхэлсэн явдал. Авьяастай хүмүүсийг хээр дураараа давхиж яваа унага шиг сэргэлэн, цовоо, соргогоор нь байлгаж байх ёстой. Тийм учраас би үгийг маш их бодож байж бичнэ. Болвол дахиж засахгүй юмсан гэсэн мөртлөө засна. Нэг хоногийн дараа уншихад өөр санаа гарна. Арав хоноод уншихад дахиад л санаа гарна. Хамгийн гол нь байгаль, амьдралын хамгийн эцсийн үнэнийг, туйлын үнэнийг, муухай юмыг муухайгаар нь хатууг хатуугаар нь, сайхныг сайхнаар нь бичдэг.

|Өдрийн сонины 2018 оны тавдугаар сарын 31 болон зургадугаар сарын 4-ны өдрийн дугаарт МУСГЗ, зохиолч Чинагийн Галсангийн өгсөн ярилцлагаас тоймлон авав
скачать dle 12.0

Next Post

Шинэ мэдээ