Covid-19-ийн халдвар намжтал хэдхэн сарын хугацаанд баасан гараг бүрт согтууруулах ундаа худалдаалахыг хориглоод үзье.
Шинэ төрлийн титэмт вирусийн халдвар дэлхийн олон улсыг нөмөрч, өглөө бүр COVID-19 бүртгэгдсэн орны тоо газрын зураг дээр нэмэгдэн улайрсаар. Харин Монгол Улс "цэвэр” хэмээн Ази тивийн цээжнээ цагаанаар тэмдэглэгдэн цавцайх нь бахархалтай. Яг энэ хэвээрээ аюулт өвчний ард гарахыг хүн бүр хүсэж байгаа нь мэдээж.
Тиймдээ ч хорио цээрийн дэглэмийг чанд мөрдөж, цагаан сараа хүртэл нүсэр тэмдэглэлгүй өнгөрөөлөө. Халдварыг хилийн дээс алхуулахгүйн тулд төрийн зүгээс бүхий л арга хэмжээг авч, хамгийн гол нь иргэд сахилга баттай даган биелүүлж буй нь энэ амжилтын үндэс мөнөөсөө мөн. Хүйтний улиралд дэгддэг ханиад томуу дарагдаж, хотын түгжрэл буурсан, улсын хэмжээнд гэмт хэргийн гаралт өмнөх жилүүдээс багассан зэрэг сайн талыг тодотгон, цаашдаа жишиг тогтоох зүйлсээ анхаараад авах нь зөв мэт. Ямар ч муу зүйлд сайн тал байдгийг санаж, энэ хүнд нөхцөл байдлаас эерэг хандлага, зөв жишгийг нутагшуулж үлдээхэд бүх талдаа хичээж ажиллах хариуцлагатай өдрүүд айсуй.
Шинэ жилээс хойш цагаан сар, эх орончдын өдөр, Март-8, цэргийн баяр гээд сар алгасалгүй үргэлжилж, хамт олон, гэр бүлээрээ хөлчүүрхдэг байсан өмнөх жилүүдийг одоо эрүүлээр харах цонх нээгдэж байна. Эдгээр баяраар далимдуулж архидан согтуурсны улмаас хэдэн зуун мянган гэмт хэрэг, зөрчил гарч, олон арван хүний алтан амь үрэгддэг тоо мэдээг бид сонсоод л өнгөрдөг байж. Тэгвэл энэ оны эхний хоёр сарын байдлаар улсын хэмжээнд гарсан гэмт хэргийн тоо 6745 болж, 691-ээр буурсан сайн мэдээ байна.
Энэ бол коронавирусийн эсрэг хорио цээрийн нөлөөгөөр 700 орчим хүн амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, сэтгэл санаагаараа хохирох байсныг зогсоосон гэж хэлж болно. Хяналт шалгалт ч эрчимжиж, төрөөс гаргасан шийдвэрийн биелэлтийг хангаж ажилласан нь үүнд нөлөөлсөн. Харин сүүдэртэй тал нь халдварын эрсдэлээс хамгаалах ажлын цаана гэр, орон сууцандаа хэсэг бүлгээрээ нийлдэг, ахуйн архидалт нэмэгдсэнээр илэрч байна. Дээд, доод айл архидаж, дуулалдаж байна, зодолдож пижигнэлээ, гэр хорооллын гудамжаар маск зүүж, гараа угаах нь бүү хэл, шороотой хутгалдсан согтуучууд бүлэг бүлгээрээ үзэгдэх боллоо зэрэг шүүмжлэл цахим орчинд хүчтэй явж эхэллээ. Ийм эгзэгтэй үед хаалганы цаана, далд хэлбэрт шилжиж буй архидан согтуурах явдлыг хямгадахгүй бол муугаар бодож коронавирус монголд ороод ирлээ гэхэд гэрлийн хурдаар тархах аюул ойрхон болоод байна.
Харин хөл хорионы дэглэмтэй уялдаж, иргэдийн сэтгэл зүй, дадал зуршил төр засгийн аливаа шийдвэрийг даган биелүүлэх хандлага өндөр, мөн хэрэгжүүлэхэд хяналт тавих улсын эрх бүхий байгууллагуудын үйл ажиллагаа идэвхтэй байгаа энэ үед согтууруулах ундаа, түүгээр үйлчлэх, худалдаалахад зарим зохицуулалт хийж, цэгцлэх хэрэгтэй санагдана. Тухайлбал, орон нутагт сар бүрийн нэгний өдрөөс гадна 15-нд, мөн зарим аймаг баасан гараг бүрт архи, согтууруулах ундаа худалдаалахыг хориглосон шийдвэр гаргасан нь амжилттай хэрэгжиж байна. Нийслэлд ч мөн ийм журам гаргаж, дээр нь орон сууц, гэр хороолол дунд тав алхаад тааралдах "найман нэрийн барааны дэлгүүр”-ийн тусгай зөвшөөрлийг цөөрүүлэх шаардлагатай байна.
Ядаж л Covid-19-ийн халдвар намжтал хэдхэн сарын хугацаанд баасан гараг бүрт согтууруулах ундаа худал даалахыг хориглоод үзье. Монголчууд хууль журмаа даган биелүүлж, амьдралын дадал зуршлаа өөрчлөхөд амархан зохицдог ард түмэн. Нэг жишээ гэхэд л, Тамхины хууль гарснаар хориглосон газруудад тамхи татахаа больсон нэгэн монгол залуу чөлөөт системтэй гаднын улсад уулзалт, амралтаар явахдаа оффис болон ресторанд нь тамхиа асааж түвдэхгүй болсноо хэлж байв. Хооллож суухад, хүүхэд тоглож байхад дэргэд нь хээв нэг тамхиар утах гаднынхны муухайг жигшиж суусан тэр залуу хуулиар хориглохоос өмнө яг л ийм нэгэн байсан.
Цагаа олсон төрийн зохицуулалт богино хугацаанд үр дүнд хүрдгийн тод жишээ энэ биш гэж үү. Үндэсний статистикийн хорооноос 2018 онд насанд хүрсэн нэг хүн сард дунджаар хоёр шил архи, зургаан лааз шар айраг, 100 мл дарс хэрэглэсэн гэсэн судалгаа гаргажээ. Мөн долоо хоногийн бямба гарагт хамгийн их хүн (11859 хүн) эрүүлжүүлэгдсэн байна. Сүүлийн 11 жилийн хугацаанд насанд хүрсэн нэг хүний жилийн дундаж шар айргийн хэрэглээ хоёр дахин, архины хэрэглээ 1.6 дахин өссөн нь төрийн зохицуулалтаар архи, согтууруулах ундааны хэрэглээг багасгах зайлшгүй шаардлагатайг харуулж байна. Энэ бол хангалттай шалтгаан, харин шалтаг нь хорио цээрийн дэглэм. Анхаарал сэрэмжтэй, ахуйн аюулгүй байдлаа сайтар хангах ёстой энэ үед архины хэрэглээг хязгаарлаж өгөхийг шийдвэр гаргагчдаас хүсмээр байна. Гаргасан шийдвэрийн биелэлтийг хангаж ажиллах хүч, нөөц бололцоо идэвхижсэн яг одоо л "согтуу” монголоо хазаарлаад авах хэрэгтэй байна.
Хувийн хэвшил элгээрээ хэвтэж, эдийн засаг саарч байхад архи үйлдвэрлэгч, импортлогчдыг боомиллоо гэж магадгүй. Согтууруулах ундаа үйлдвэрлэл 2017 онд 671 тэрбум төгрөгт хүрч, 2008 оноос дөрөв дахин их, харин борлуулалт нь 740.9 тэрбум төгрөгт хүрч, тав дахин нэмэгдсэн. Үйлдвэрлэлийн хэмжээгээр бус үнийн зохицуулалтаар эдийн засгийн эрсдэлийг шийдвэрлэж болно. 1987 онд нэг шил архи 74 төгрөг буюу талхнаас 43 дахин өндөр үнэтэй байсан юм. Энэ жишгээр тогтоовол хамгийн хямд архи 60 орчим мянган төгрөг болох нь. Түүнчлэн худалдаалах, үйлчлэх зөвшөөрлийг хязгаарлаж, хяналтаа сайжруулснаар цар тахлын хорио цээрийг ч үл хайрхан, хаалганы цаана хөлчүүрхэх үзэгдлийг хумьж болохоор байна.
Эх сурвалж: Засгийн газрын мэдээ сонин