
Сарын өмнө Португалын шигшээ багийн тоглогч Диого Жота дүү Андре Силвагийнхаа хамт Испанийн хойд хэсэгт авто осолд орж, амиа алдсан эмгэнэлт явдал болсон.
Багаасаа найзалсан Рута Кардосотойгоо хуримаа хийснээс хойш 11 хоногийн дараа эхнэр, гурван бяцхан үрээ орхин, ертөнцийн мөнх бусыг үзүүлсэн Диого Жотагийн араас маш олон хүн харамсаж, гашуудлаа илэрхийлж байлаа.
.jpg)
Диого Жотагийн оршуулах ёслолд олон хүн очиж, гашуудлаа илэрхийлсэн. Бруно Фернандеш, Бернардо Силва, Рубен Диаш гээд шигшээ багийнхан нь бараг бүгдээрээ очсон ч багийн ахлагч Криштиано Роналдо байгаагүй. Роналдог шигшээ багийнхаа андын оршуулга дээр очсонгүй гэх шүүмжлэл багагүй гарсан.
Тэгвэл өчигдөр Португалын Хөлбөмбөгийн Холбооны ерөнхийлөгч Педро Проэнса энэ сэдвийг хөндөн ярьжээ. “Роналдог тэгж шүүмжилж, харлуулах гэх нь аймшигтай шударга бус явдал шүү гэдгийг хэлмээр байна. Шигшээ багийн ахлагч маань эмгэнэлт явдал болсны дараачаас эхлээд хэн хүнээс илүүтэй гэр бүл, төрөл төрөгсдөд нь эмгэнэл илэрхийлж, байнгын холбоотой байсан.
.jpg)
Дахин хэлэхэд, манай шигшээ багийн ахлагчийг ингэж шүүмжлэх нь шударга биш. Уй гашууг маш хүндээр хүлээн авч, тусалж дэмжих талаас хамгийн санаачлагатай оролцсон хүн бол Криштиано Роналдо. Биеэрээ оршуулга дээр ирээгүй нь энэ уй гашууг хуваалцаагүй, гэр бүлийг нь хайхраагүй гэсэн үг огт биш. Харин ч Роналдо шигшээдээ Жотагийн хамгийн дотно найзуудын нэг байсан” хэмээн Португалын Хөлбөмбөгийн Холбооны ерөнхийлөгч Педро Проэнса өгүүлсэн байна.
.jpg)
Роналдог шүүмжилж эхлэх үед Роналдогийн эгч Катя Авэйро дүүгийнхээ өмнөөс үзэл бодлоо илэрхийлж байсан юм.
“Аав минь өөд болоход хагацал шаналлаас гадна оршуулах ёслол дээр бүчсэн тэр олон камер биднийг зовоосон. Шарилын ойр хавь аймшигтай болж, хөшөө дурсгал нь эвдэрч, хүмүүс маш хүндлэлгүй хандсан. Ийм байдлаас болоод бид аавынхаа газраас сэтгэл их хөндүүр буцсан.
Тэр олон камер, эргэн тойрон замбараагүй явах хүмүүсээс болж ёслолд хэн хэн гашуудал илэрхийлэхээр ирснийг ч би мэдэхгүй шахам өнгөрсөн. Цугласан олон хүн бидний зовлонг улам гааруулсан. Сэтгэлийг минь бүр их өвтгөсөн. Дүүг минь оршуулах ёслолд очоогүй гэж шүүмжилж, хүн чанарт нь эргэлзэж буй хүмүүстэй би маргахгүй. Ямар ч үнэний оргүй яриа, юу ч ойлгоогүй хүмүүсийн үгсээс залхаж гүйцлээ. Энэ нийгэм тэр аяараа хүнд өвджээ...хайрлах, харуусах сэтгэлгүй болжээ.
.jpg)
Хоёр сайхан хүүгээ алдаж, сэтгэл зүрх нь хоосорсон гэр бүлийг хүндлэхгүй дүүг маань л ирээгүй тухай ярьж бичих хэвлэл мэдээллийн хэрэгслүүд, сошиал орчинг харахаас сэтгэл эмтэрч байна. Ийм хүмүүсийн өмнөөс нь ичиж байна. Ямар ч хэрэггүй чалчаа үгс, зүрх сэтгэлгүй хүмүүсээр энэ ертөнц дүүрчээ” хэмээн Катя Авэйро өгүүлсэн юм.
Өөрөөр хэлбэл, Криштиано Роналдо хэрвээ оршуулгад очсон бол Диого Жотагийн араас харуусан гашуудах бус харин Роналдог дагаж ирсэн олон зуун сэтгүүлч, гэрэл зурагчид, энгийн иргэд эмх замбараагүй байдал үүсгэж, ёслолын утгыг алдагдуулах магадлалтай байсан гэнэ.
https://news.zindaa.mn/54s7